“Rosneft” компанийн зээлжих зэрэглэлийг BBB- болгож бууруулжээ
ОХУ-ын газрын тос нийлүүлэгч хамгийн том компани болох “Rosneft” 300 тэрбум рублийн бонд гаргаж байгаагаа зарласан өдөр “Fitch” агентлаг тус компанийн зээлжих зэрэглэлийг буурууллаа. Учир нь “Rosneft”-ийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой арга хэмжээнүүд нь тус компанийг бэлэн мөнгөний хомсдолд оруулах эрсдэлтэй гэж үзсэн байна. Тус компанийн удирдлагууд энэ жил “TNK-BP” компанийг 55 тэрбум ам.доллараар худалдан авсныхаа дараа рублийн бонд гаргах шийдвэрийг баталсан юм. Түүнчлэн “Rosneft” компани байгалийн хий олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг худалдан авснаас гадна үйл ажиллагаагаа өргөжүүлэх томоохон төлөвлөгөө гаргасан учраас ирэх гурван жилийн хугацаанд өрийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэнэ гэж “Fitch” агентлаг мэдэгдэлдээ онцолжээ. Ийм нөхцөлд зээлжих зэрэглэлийг эрсдэлтэй буюу 2B нэмэх буюу BB+ болгож бууруулдаг байна. Аравдугаар сарын 18-нд “Fitch” агентлаг “Rosneft”-ийн зээлжих зэрэглэлийг нэг түвшнээр бууруулж 3B хасах буюу BBB- болгосон байна. “Rosneft”-ийн өрийн хэмжээ өнгөрсөн оны сүүлээс хоёр дахин нэмэгдэж 72 тэрбум ам.долларыг даваад байгаа аж. Тус компани энэ жил 6.6 тэрбум, ирэх жил 15.9 тэрбум ам.долларын өрөө эргүүлэн төлөх ёстой юм байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e @bloombergtvmongoia.com
minjma.g@bloombergtvmongolia.com