“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-тай байгуулсан санхүүжилтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв
“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанитай байгуулсан санхүүжилтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.
“Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн төсөлд хийх шаардлагатай хөрөнгө оруулалтаа хувьцаа арилжих замаар босгохоор байгаа юм. Тус компани энэ оны наймдугаар сар дуустал доод тал нь 650 сая ам.долларын санхүүжилт босгох шаардлагатай. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгож сунгахаар болсон байна.
Шаардлагатай санхүүжилтийг босгох хүртэл “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-д 400 сая ам.доллар хүртэлх зээл олгохоор болсон байна.
Одоогийн байдлаар “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийн 102 сая гаруй ширхэг энгийн хувьцаа буюу нийт хувьцааных нь 50.8 хувийг эзэмшиж байна. Эзэмшлийн бус 49.2 хувьд ногдох хувьцааг худалдан авах саналыг “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-д хүргүүлээд байгаа аж.
Энэхүү саналтай холбоотойгоор “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ тусгай хороо байгуулж, “Rio Tinto”-ийн тавьсан саналыг хэлэлцэж байна.
С.Өнөрсайхан |@unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com