Reliance Industries: Энэтхэг рупи бүх цаг үеийн хамгийн сул ханшаасаа ч бага түвшин рүү бууна
Энэтхэг рупи бүх цаг үеийн хамгийн сул ханшаасаа ч бага түвшин рүү бууна гэж валютын захын арилжааны эксперт үзлээ.
“Reliance Industries”-ийн Валютын захын арилжаа хариуцсан захирал асан, энэ салбарт 26 жилийн туршлагатай Венкат Тиагаражан рупигийн ам.доллартой харьцах ханш 80 нэгж хүртэл буурна гэж таамаглаж байгаагаа “Bloomberg”-т илгээсэн тэмдэглэлдээ дурдсан байна. Тэрбээр Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг урсгал данс болон төлбөрийн тэнцлээс илүү рупигийн ханш төлөөлнө гэж үздэг юм.
Харин "Bloomberg-"ийн судалгаанд оролцсон эдийн засагчид энэ оны эцэст ам.доллар энэтхэг рупийн хослол дунджаар 75 нэгж байна гэж хариулжээ. "Дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхэм"-ийн жагсаалтад өнгөрсөн долоо хоногт шинээр бичигдэж, Азийн хамгийн чинээлэг эрхэм болсон тэрбумтан Мукеш Амбанигийн удирддаг “Reliance Industries” Энэтхэгийн нийт экспортын 10 хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймээс тус компани гадаад валютын урсгалыг анхааралтай ажигладаг бөгөөд өнгөрсөн онд Төв банктайгаа таван тэрбум ам.долларын гадаад валютын своп арилжаа хийжээ.
Энэ он гарснаас хойш хөрөнгийн захад 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогдож байна.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com