“Princess” цамхагийн цахилгаан шат гацсаны улмаас оршин суугчид зочид буудалд амьдрахаар болжээ
Арабын нэгдсэн Эмират Дубай хотод байрлах 101 давхар “Princess” цамхагийн цахилгаан шат гацсаны улмаас оршин суугчдад нилээд хүндрэл, чирэгдэл учруулаад байна. Галын аюулын дохио санаандгүй байдлаар ассаны улмаас нийт найман цахилгаан шат руу ус орж, ажиллагаагүй болжээ. Онцгой байдлын үед хэрэглэх зориулалттай цахилгаан шат үүнээс хойш хоёр цагийн дараа ажиллаж эхэлсэн байна. Онцгой байдлын үед хэрэглэх зориулалттай цахилгаан шатнууд зөвхөн 50 давхар хүртэл явдаг учраас 50-аас дээш давхарт амьдардаг иргэд шатаар алхах шаардлагатай болжээ. Зарим оршин суугчид цахилгаан шат хэвийн байдалдаа эргэн ортол зочид буудалд амьдрахаар болсон байна. Дубай хотын Марина дүүрэгт байрлах “Princess” цамхаг 101 давхар, 413 метрийн өндөр аж. Уг цамхагийг барихад нийт 421 сая ам.доллар зарцуулсан байна. Энэхүү барилга 2012 онд Генниссийн номонд “Хамгийн өндөр орон сууцны барилга” болж бүртгэгдсэн юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com