“Petro Matad”-ийн алдагдал гурав дахин багассан байна
Бүтээгдэхүүн хуваах гэрээт гурван талбайд газрын тосны хайгуул явуулдаг “Petro Matad” компани 2015 ноос анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхлэхээр ажиллаж байна. Тус компани Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойшхи зургаан жилийн хугацаанд Матад,Онги болон Богд талбайд 14 цооног өрөмдөөд байгаа аж. Үүнээс гадна 2012 санхүүгийн тайлант хугацаанд тус компанийн татварын өмнөх алдагдал 12.1 сая ам.доллар болж жилийн өмнөхөөс 3.2 дахин буурсан байна. Өөрөөр хэлбэл, “Petro Matad” компани нэгж хувьцаа бүрээсээ 6.5 ам.долларын алдагдал хүлээж байсан гэсэн үг юм. Ийнхүү тус компанийн алдагдал буурахад хайгуулын ажлын зардал 560 хувиар багасч, 4.9 сая ам.доллар болсон нь гол нөлөөг үзүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард “Petro Matad” компани салбар компаниудынхаа нэр дээрх “Бүтээгдэхүүн хуваах гэрээт Матад-20” болон “Онги-5”, “Богд-4” гэсэн талбайн хайгуулын нөөц бололцоог дахин үнэлэхээс нааш “Матад-20” талбайд өрөмдлөг болон судалгааны ажил хийхгүй гэж тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдсэн байна. Мөн 2012 оны эхний хагаст 600 мянган ам.доллар байсан тус компанийн тогтвортой үйл ажиллагааны сар бүрийн зардал өнөөдрийн байдлаар 400 мянган ам.доллар болон буурчээ. Түүнчлэн “Petro Matad” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнууддаа газрын тосны нөөц илэрч болох хэд хэдэн талбайг ялгаад байгаа бөгөөд 2014 оноос эдгээр талбайд өрөмдлөг хийж эхлэхээр төлөвлөжээ. Харин анхын бүтээгдэхүүнээ 2015 оны хоёрдугаар хагаст гаргахаар болсон тухай тус компани албан ёсоор мэдээлж байсан юм. Мөн тус компанийн зүгээс сүүлийн зургаан сард хийсэн хайгуулын ажлын дүнд их хэмжээний хурдас агуулж байх магадлалтай хэд хэдэн сав газрууд “Матад-20” талбайн урд хэсэгт байгаа болохыг тогтоосон байна. Тэр ч утгаараа “Матад-20” талбайн хэмжээнд судлагдаагүй асар их нөөц бололцоо байгаа учраас Газрын тосны газраас уг талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг өнгөрсөн оноос эхлэн таван жилээр сунгасан байна. Үүнээс гадна “Petro Matad” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнхаа сав газруудад геологийн зүсэлт хийж, Хятадын өмнөд хэсэг дэх газрын тос олборлож буй сав газруудын зүсэлттэй таарч байгаа эсэхийг тогтоосон байна. Хэдийгээр эдгээр сав газрын нөөцийг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч геологийн тогтоц зэргээр нь Хятадын нөөц ихтэй талбайтай харьцуулж болохоор байгаа аж. Тухайлбал, “Богд-4” болон “Онги-5” талбайтай адилтган харьцуулж болохуйц Зүүнгарын сав газрын ашиглалтын нөөц нь есөн тэрбум гаруй баррель байгаа бол “Матад-20” талбайгаас урд зүгт байрлах Эрээний сав газарт 600 сая гаруй баррель ашиглалтын нөөц бий гэж мэдээлсэн байна. Тус компанийн эзэмшлийн “Богд-4”, “Онги-5” болон “Матад-20” талбай нь нийтдээ 60 мянган км.квадрат нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд тэр дундаа тунамал хурдаст сав газрууд нь 21 мянган км.квадратад хүрнэ гэж компанийн зүгээс мэдээлж байгаа юм. Дашрамд дурдахад “Petro Matad” компани есдүгээр сарын 11-нд хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг хийхээр тов зарлаад байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: Narantungalag.e@bloombergtvmongolia.comMunkhjin.ts@bloombergtvmongolia.com