NRCC: Түүвэр судалгаагаар иргэдийн 72 хувь нь ирэх хагас жилд инфляц өснө гэж үзэж байна
III улиралд хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар ирэх зургаан сарын эдийн засгийн байдлын талаарх иргэдийн хүлээлт буурсан дүн гарсан гэж “NRCC” компани мэдээллээ.
Мөн ирэх зургаан сард үнийн түвшин өснө гэж иргэдийн 72 хувь, ам.долларын ханш өснө гэж 40 хувь нь хүлээж байгаа судалгааны дүн гарчээ. Ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт жилийн өмнөх мөн үеэс 7.5 пунктээр өндөр гарсан нь анхаарал татаж байна. Мөн хэрэглэгчийн итгэлийн ерөнхий индекс өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан. Гэхдээ хэрэглэгчийн өнөөгийн байдлын үнэлгээ сүүлийн долоон улирлын турш тасралтггүй өсөлттэй гараад байгаа юм. Энэ оны эхний гурван улирлын байдлаар эдийн засаг 6.4 хувиар өсөөд байна.
Харин зөвхөн III улиралд 6.7 хувиар өссөн нь хүлээлтээс давсан үзүүлэлт гэж Монголбанк мэдээллээ. Инфляц аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь байгаа нь Монголбанкны зорилтот найман хувийн түвшинд байна. 2019 онд Засгийн газар эдийн засаг найман хувиар өснө гэж төсөвт тусгасан юм. Харин олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийг дунджаар зургаан хувьд хэлбэлзэнэ гэж төсөөлж байна. Ирэх онд гадаад тодорхойгүй байдал эдийн засгийн гол эрсдэл гэж Төв банк үзжээ. Мөн төсвийн тэлэлтээс үүдэж Мөнгөний бодлогын хүүг чангаруулаад байгаа юм. Мөн ОУВС-ийн зургаа дахь шатны үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтэд импортын өсөлт урсгал тэнцлийн алдагдлыг өсгөж, гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэхэд бэрхшээл болж байна гэж дурдсан нь ирэх оны эдийн засагт анхаарал татах асуудал болж байна.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com