
“Цаст проперти” ХХК болон БНХАУ-ын “New Dazheng Property Group”-тэй стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа. Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжуудын тоо нэмэгдэхийн хэрээр ашиглалт, үйлчилгээний чанарт тавих шаардлага өндөрсөж буй.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд барилгын ухаалаг систем, эрчим хүч хэмнэх технологи, менежментийн туршлагыг Монголын нөхцөлд тохируулан туршилтын төслүүдэд нэвтрүүлэх юм байна.
Өөрөөр хэлбэл Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө эзэмшигчид үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч, барилгын ашиглалт, үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн компанид хариуцуулах боломж бүрдэж байгааг “Цаст проперти” ХХК мэдээллээ.
Мөн тус компани ISO стандартын дагуу хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд олон улсын байгууллагуудтай ажилласан туршлагаа улам хөгжүүлэхийг зорьж буйгаа онцолж байна. Тухайлбал: 15 жилийн үйл ажиллагааны туршлагын хүрээнд ICC Tower, Монгол Улсад суугаа Итали, Польш, Кыргызстан улсын Элчин сайдын яамд, Европын Холбооны Төлөөлөгчийн газар болон хауз хотхонууд, үйлчилгээний газруудын барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа юм.
Харин БНХАУ-ын “New Dazheng Property Group” нь 2025 онд гурван тэрбум юанийн орлоготой ажилласан зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй. Тус компани нисэх буудал, их сургууль, эмнэлэг, Төрийн байгууллагын байр зэрэг олон төрлийн байгууламжийн ашиглалтыг хариуцан ажилладаг байна.