
(Bloomberg) -- Альберта мужийн баруун өмнөд хэсэгт орших Рокки уулсын оройд далайн түвшнээс дээш 2040 орчим метрийн өндөрт “Grassy Mountain” уурхайн нүүрсний давхаргууд ил харагдана. Уулын энгэрт 1900-аад оны эхнээс дунд үе хүртэл олборлолт явуулж байсан ул мөр үлджээ. Эх газрын усны хагалбарын зүүн талд орших байгалийн үзэсгэлэнт уулын сууринуудад энэ мэт хуучин уурхай олон бий. Нүүрсний үнэ, эрэлт эрс буурч, олборлолт ашиггүй болсноор хэдэн арван жилийн өмнө энэ бүс нутгийн нүүрсний салбарын үйл ажиллагаа бүрэн зогссон түүхтэй.
Харин “Grassy Mountain”-д олборлох нүүрс одоо ч асар их хэмжээгээр үлдсэн байдаг. Уурхайг дахин нээх асуудал ойролцоох сууринуудын эдийн засгийн ашиг сонирхол, голын доод урсгал дагуух оршин суугчид болон мал аж ахуй эрхлэгчдийн байгаль орчны талаарх болгоомжлолыг сөргөлдүүлсэн олон жилийн маргааны гол сэдэв болоод байна. Энэ удаад олборлолтыг сэргээх сонирхлыг Канадын айл, өрхүүдийн халаалтын хэрэгцээ бус БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ болон Азийн бусад улсын ган үйлдвэрлэгчдийн эрэлт өдөөж байгаа юм.
Уурхай хаагдсанаас хойш бараг 60 жилийн дараа нутгийн иргэд салхи шуурганд өртөмтгий энэ уулын энгэрээс эдийн засаг нь дахин сэргэнэ гэж найдаж байна. Австралийн тэрбумтан Жина Райнхартын “Hancock Prospecting” компанийн нэгж болох “Northback Holdings” хуучин уурхайг дахин нээхээр ажиллаж байгаа аж. Энэ нь “Hancock Prospecting”-ийн хоёр дахь томоохон оролдлого болж байна. Ойролцоох усны эко системд үзүүлэх нөлөөлөлд санаа зовнисон Холбооны болон мужийн хамтарсан үнэлгээний зөвлөл 2021 онд тус компанийн анхны хүсэлтийг зөвшөөрөөгүй.
“Hancock Prospecting”-ийн Гүйцэтгэх захирал Брэд Жонстон анхны хүсэлтэд гаргасан зөрчлөө засаж, уулын нөхөн сэргээлтийг илүү өргөн хүрээнд хийх боломжтой гэж үзэж байна. Үүнд хуучин уурхайн нөхөн сэргээгээгүй талбайн ихэнх хэсгийг хамруулахаар төлөвлөсөн байна.
“Hancock Prospecting” компани хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй энэ төсөлдөө 10 гаруй жилд 150 сая гаруй канад доллар буюу 105 сая ам.доллар зарцуулжээ. Хэдий тийм боловч уурхайг ашиглалтад оруулах хүртэл багадаа дахин дөрвөн жил шаардлагатай. Компани анхны төлөвлөгөөгөө 40 орчим хувиар танаж, жилд дөрвөн сая тонн бус, 2.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Мөн олборлолтын явцад нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, ус цэвэршүүлэх байгууламж барихын зэрэгцээ олборлолт дууссаны дараа ч олон жилийн турш талбайд үргэлжлүүлэн ажиллахаа амлаад байна. Төслөө хэрэгжүүлэхээр ийнхүү тууштай зүтгэж буй нь компанийн зах зээлийн төсөөлөлтэй холбоотой. Тэдний тооцоогоор ирэх 10 жилийн дотор дэлхийн нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэж, үнэ нь олборлолтын өртгөөс хавьгүй өндөр түвшинд байх төлөвтэй.
Энэ болон үүнтэй төстэй төслүүд байгалийн баялаг ашиглалтыг олон нийт, төрийн бодлогын түвшинд уламжлал ёсоор дэмжиж ирсэн Альберта мужид ч хүчтэй маргаан дэгдээжээ.
Зургийг: Jennifer Gauthier/Bloomberg
Кантри дуучин Корб Лунд энэ онд Рокки уулсын зүүн бэлд нүүрс олборлохыг зогсоохын төлөө гарын үсэг цуглуулах аян өрнүүлсэн байна. Тэрбээр дээрх асуудлаар энэ сард муж даяар бүх нийтийн санал хураалт явуулахыг зорьсон ч амжилтад хүрээгүй. Харин саяхны санал асуулгын дүнгээс үзвэл, бүх нийтийн санал хураалт болсон тохиолдолд иргэдийн олонх нь түүний байр суурийг дэмжихээр байсан нь ил болжээ.
Төслийг тойрсон маргаан Канадын нүүрсний салбарын тэр бүр анзаарагддаггүй нэг онцлогийг харуулж байна. Эрчим хүчний нүүрсний хэрэглээг бууруулах төрийн бодлогын нөлөөгөөр тус улсын дотоодын нүүрсний хэрэглээ олон жилийн турш хумигдсан. Гэсэн ч баруун эргийн боомтуудаар тээвэрлэдэг түүхий эд дундаа нүүрс биет хэмжээгээр тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн онд Ванкуверийн боомтоор 39.9 сая тонн нүүрс экспортолсон бол газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ 30 сая тонн байжээ.
Өнөөдөр Канадын нүүрсний олборлолтын дийлэнхийг Бритиш Колумби муж бүрдүүлдэг. Харин Альбертад сүүлийн жилүүдэд хэд хэдэн шинэ төсөл санал болгосон бөгөөд мужийн эрх баригчид Жаспер үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох Хинтон хотод байрлах “Vista” уурхайн өргөтгөлд саяхан зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус уурхай Хойд Америкийн эрчим хүчний хамгийн том нүүрсний уурхай болох боломж бүрдсэн байна.
Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 70 орчим хувь нь коксжих нүүрснээс хамаардаг. Канад нь дэлхийд тус нүүрсний тав дахь том нийлүүлэгч бөгөөд экспортын орлого нь есөн тэрбум орчим канад доллар хүрдэг. Рокки уулсын бүсэд шинэ уурхай хөгжүүлэхийг зорьж буй компани ганц “Northback” биш юм. Калгари хотоос баруун хойд зүгт “Valory Resources” компани “Blackstone” хэмээх коксжих нүүрсний далд уурхайн төсөл санал болгоод байна. Мөн тус компани Гранд-Кэш суурины ойролцоо “Mine 14” нэртэй өөр нэг төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Түүнчлэн Бритиш Колумби мужид “Conuma Resources” компани Тамблер-Рижийн ойролцоох уурхайг 2024 онд дахин нээсэн байна. Тус компанийн өөр нэг төслийг дэлхийн хөрөнгө оруулагчдад зориулан саяхан гаргасан мужийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулгад багтаасан байна. Харин “Glencore” компани “Fording River” уурхайнхаа жилийн 10 сая тонн олборлолтыг хадгалахын тулд уурхайн талбайд өргөтгөл хийхийг зорьж байна.
Долоодугаар сард “Northback-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Брэд Жонстоны хэлснээр “Grassy Mountain”-аас олборлох нүүрсийг бүхэлд нь Канадын баруун эргээр, голчлон Ванкувер болон Принс-Рупертын боомтоор экспортлох аж. Азийн ган үйлдвэрлэгчдийн эрэлт өндөр байгаа тул уурхай төлөвлөсөн 25 жилийн ашиглалтын хугацаандаа ашигтай ажиллах боломжтойг компанийн тооцоо харуулж байна гэж тэрбээр мэдэгджээ. Боломжит худалдан авагчдын тоонд Япон, БНСУ, Вьетнам, Малайз, БНЭУ-ыг нэрлэсэн байна.
Тэндхийн нүүрсний чанар Европын ган үйлдвэрлэгчдийн шаардлагад ч нийцнэ гэж тэрбээр үзэж байна. “Дэлхий энэ нүүрсийг хүсэж байгаа. Энэ нүүрс дэлхийд хэрэгтэй ” гэж онцолж байв. Төсөл хэрэгжвэл эргээд “Grassy Mountain”-ийн ойролцоох уул уурхайн түүхтэй таван суурины томоохон ажил олгогч нь болох боломжтой. Компанийн захиалгаар “EY” компанийн боловсруулсан тайланд уурхайн үйл ажиллагаанд 400 орчим байнгын ажилтан шаардлагатай бөгөөд ашиглалтын нийт хугацаанд улсын төсөвт 2.2 тэрбум канад долларын орлого төвлөрүүлнэ гэж тооцжээ.
“Northback” орон нутгийн байгууллагуудыг ивээн тэтгэж, төслийн бэлтгэл ажилд нутгийн иргэдийг хэдийнээ ажиллуулж эхэлсэн байна. Тэдний дунд Канадын уугуул иргэдийн хамгаалалтын үйлчилгээний компани ч багтаж байгаа аж. Брэд Жонстон ирэх саруудад шинэ хүсэлт гаргахыг зорьж буйгаа хэлсэн бөгөөд зохицуулагчдын зөвшөөрлийг авбал 2030 оны сүүлээр уурхайг нээх боломжтой гэж үзэж байна.
Компанийн анхны хүсэлтэд төслийн байгаль орчны нөлөөллийн талаарх болгоомжлолыг хангалттай шийдвэрлээгүй байсныг Брэд Жонстон хүлээн зөвшөөрчээ. Холбооны болон мужийн хамтарсан үнэлгээний зөвлөл тэрхүү төслийг “нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй” гэж дүгнэж, ойролцоох усны сав газарт амьдардаг "cutthroat trout" зүйлийн загасны тоо толгойд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Брэд Жонстон шинэ төлөвлөгөөгөө зохицуулагчдын шаардлагыг хангахуйц сайжруулсан гэж итгэж байгаа ч өргөн хүрээнд тархсан нүүрс олборлолтын эсэргүүцэлтэй тулахаа ч сайн мэдэж байгаа аж.
“Бид ажлаа хэчнээн сайн хийсэн ч ямар ч хяналтын тогтолцоо санал болгосон ч бидний үйл ажиллагааг эсэргүүцдэг хүмүүс бий” гэж тэрбээр дурдлаа. Компани байгаль орчны менежментийн талаар тавьсан асуултад хариулахад үргэлж бэлэн гэдгийг илэрхийлснээс гадна нутгийн иргэдийн дэмжлэг ямарваа нэг болзолгүй ирдэггүй гэж цохон тэмдэглэсэн байна.
“Тэд биднээс ажлын байр, эдийн засгийн үр өгөөж бий болгохыг хүлээж байгаа. Хэдий тийм боловч үүнийг байгаль орчинд хариуцлагатай байдлаар хийх ёстой” гэж тодотгосон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа худалдааны асуудлаар Канадад дарамт үзүүлж эхэлснээс хойш эрчим хүчний төслүүдийг дэмжих олон нийтийн хандлага нэмэгдсэн гэж Макдональд–Лорье хүрээлэнгийн Эрчим хүч, байгалийн баялаг, байгаль орчны асуудал хариуцсан захирал Хизер Экснер-Пиро үзэж байна. Гэхдээ энэ хандлага голчлон газрын тос, байгалийн хийн салбарт төвлөрсөн бөгөөд нүүрсний салбарт давамгай шилжээгүйг тодотгожээ.
“Коксжих нүүрс Ванкувер болон Принс-Рупертын боомтоор экспортолдог бүтээгдэхүүнүүдээс биет хэмжээгээрээ тэргүүлдэг, харин орлогоороо ашигт малтмалын бүтээгдэхүүнүүд дундаа ихэвчлэн алтны дараа ордог гэдгийг Канадад ч олон хүн төдийлөн мэддэггүй гэж бодож байна” хэмээн Экснер-Пиро дурдлаа. Уурхай байгуулахаар төлөвлөж буй газарт хамгийн ойр суурины иргэд төслийг голчлон дэмжиж байгаа бол алслагдсан нутгийнхан эсэргүүцэж байгааг тэрбээр нэмж онцолжээ.
“Grassy Mountain”-д хамгийн ойр орших Кроуснест-Пасс нутагт 2024 онд явуулсан санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь уурхайн ажиллагааг дэмжсэн байна. Харин голын доод урсгал дагуух нутгийн захиргаад, тэр дундаа Альбертагийн дөрөв дэх том хот болох Летбрижийн зөвлөл төслийг тууштай эсэргүүцэж иржээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн тэргүүлсэн Холбооны Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлж, муж хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжиж байгаа ч Канадын баруун хэсгээс олборлосон нүүрс Онтариогийн өмнөд хэсэг болон Квебекийн гангийн үйлдвэрүүдэд нийлүүлэгдэхгүй. Канадыг хөндлөн гулд туулж төмөр замаар тээвэрлэх зардал нь өөрөө өндөр тул эдгээр үйлдвэрт ашиглахад хэт үнэтэй тусдаг байна.
Харин эрэлтийг Азийн орнуудын хэрэгцээнээс гадна нүүрсийг хариуцлагатай олборлодог нийлүүлэгчид тооцогддог Канадаас худалдан авах сонирхол дэмжиж байна. “Япон, БНСУ зэрэг улс байгаль орчин, нийгмийн хариуцлагын хувьд илүү өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүнд нэмэлт үнэ төлөхөд бэлэн байж болно” гэж Экснер-Пиро тодотголоо.
Цэнэг хураагуураас эхлээд эрчим хүчний томоохон дэд бүтэц хүртэл гангийн хэрэглээ өргөн хүрээг хамарч буйг Колорадогийн Уул уурхайн сургуулийн профессор Иан Ланж онцолж байна. “Тийм ч учраас ган болоод коксжих нүүрсний эрэлт дэлхийн эдийн засгийн идэвхийг илтгэх нэг үзүүлэлт болдог. Олборлолтыг дэмжсэн зохицуулалт, Номхон далайн боомтуудад хүрэхэд хялбар байршил нь Альбертаг байгалийн баялаг олборлоход таатай бүс болгодог” гэж дурджээ. Уул уурхайн компаниуд байгаль орчны хамгаалалтад илүү анхаарах болсон ч “30, 40 жилийн дараа асуудал үүсэхгүй гэж баттай хэлэхэд хүндрэлтэй” хэмээн тэрбээр анхаарууллаа.
Рокки уулсад олборлолтыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэгчид сүүлийн жилүүдэд компаниудад ногдуулсан өндөр торгуульд үндэслэж маргадаг. Бритиш Колумбигийн нүүрсний уурхайнуудад ус бохирдуулсан зөрчлийн улмаас 2021 онд Холбооны Засгийн газраас 60 сая канад долларын, 2023 онд мужийн эрх баригчдаас дахин 16 сая канад долларын торгууль ногдуулжээ. Түүнчлэн энэ оны долоодугаар сард “Glencore”-ийн эзэмшлийн “Elk Valley Operations” компанид 269 мянган канад долларын нэмэлт торгууль ногдуулсан байна. Энэ нь ус цэвэршүүлэх байгууламжийн барилгын ажлыг хойшлуулсан болон селентэй холбоотой усны чанарын 171 зөрчилд ногдуулсан нийт 3.6 сая канад долларын торгуулийн арга хэмжээний нэг хэсэг болсон юм.
Усны чанарын талаарх болгоомжлол Канадын өмнөд хилээс ч даваад байна. АНУ-ын Геологийн албаны 2024 оны судалгаагаар “Elk Valley”-ийн уурхайгаас Колумби мөрний дагуу 560 орчим километрийн зайд селений бохирдлын ул мөр илэрсэн байна. Мөн хил дамнасан бусад усан замд бохирдол илрүүлжээ.
Корб Лунд Альбертад дөрвөн үеэрээ амьдарч буй бөгөөд түүний гэр бүл 1900-аад оны эхээр Монтана мужийн хилийн ойролцоо суурьшсан бөгөөд тухайн үеэс эзэмшиж ирсэн мал аж ахуйн газраа одоо ч эзэмшдэг. Тэрбээр нүүрсний зарим шинэ олборлолтыг хориглох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахын төлөө энэ оны эхээр 170 мянга гаруй гарын үсэг цуглуулжээ. Гэвч дээрх асуудлыг 10 дугаар сарын 19-ний өдрийн санал хураалтын хуудсанд оруулаагүй юм. Мал аж ахуй эрхэлдэг түүний найзууд селен болон бусад бохирдуулагч нь голын доод урсгалын усанд хэрхэн нөлөөлөхөд санаа зовж эхэлснээр Корб Лунд энэ асуудалд оролцох болжээ. Уурхайн усны хэрэглээ, агаарын чанар ч тэдний санааг зовоож байна.
“Миний харж байгаагаар энэ бол ашиггүй тохиролцоо. Бидний ус, мал аж ахуйн газрыг сүйтгэнэ. Альбертагийн иргэдэд хүртэх юм алга. Гадаадын нэг тэрбумтан энд ирээд манай нүүрсийг авч, бүх ашгийг нь хүртээд учруулсан хор уршгаа бидэнд үлдээх гэж байна” хэмээн тэрээр байр сууриа илэрхийлсэн. Уурхай дахин нээгдэх нь түүний гэр бүлийн газарт шууд аюул учруулахгүй. Гэхдээ Летбриж дэх гэр нь “Grassy Mountain” орчмоос усаа авдаг аж. Баялгийн ашиглалтыг дэмждэг, консерватив үзэл давамгайлсан Альберта мужид энэ асуудал улс төрийн ялгаатай үзэл бодлыг эвдэж иргэдийг нэгтгэж байгааг Корб Лунд онцоллоо.
“Альбертагийн олон хүн Рокки уулсыг мужийнхаа амин сүнс гэж үздэг. Тэдний дунд анчид, загасчид, мал аж ахуй эрхлэгчид, тариалан эрхэлдэг консерватив үзэлтэй олон хүн бий. Тиймээс энэ нь зөвхөн баруун, зүүний улс төрийн асуудал биш. Эндхийн олон хүний сэтгэлд маш ойр асуудал” гэж тэрбээр дурдсан байна. Корб Лунд энэ тэмцэлд бараг долоон жил оролцож, энэ хугацаанд мужийн хоёр Ерөнхий сайд, нүүрсний компаниудын хэд хэдэн Гүйцэтгэх захирал солигдсоныг онцоллоо. Тэд ойролцоох Рокки уулсад шинэ олборлолт эхлүүлэхийг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдсэн байна.
Зургийг: Jennifer Gauthier/Bloomberg
Харин “Grassy Mountain”-аас зүүн тийш автомашинаар 20 орчим минутын зайд үхрийн аж ахуй эрхэлдэг Лукас Михальски уурхайн нөлөөг өөрөөр харж байна. Түүний гэр бүл 1900-аад оны эхээр Польшоос нүүж ирснийхээ дараа ойролцоох нүүрсний уурхайнуудыг түшиглэн ажиллаж байжээ.
“Бид бол Альбертагийн мартагдсан буланд амьдардаг хүмүүс” гэж Лукас Михальски дурдлаа. “Grassy Mountain” төслийн санал нутгийн иргэдэд илүү сайн ажлын байр бий болно гэсэн итгэл найдвар аль хэдийн төрүүлсэн аж. “Northback энэ бүсэд хэдэн арван сая доллароор хөрөнгө оруулсан. Харин нүүрсийг эсэргүүцэж буй хүмүүс манай нутагт нэг ч зоос оруулаагүй” гэж тэрбээр тодотгосон байна. Нутгийн зарим иргэн Бритиш Колумбигийн хил даван “Glencore”-ийн нүүрсний уурхайд ажилладаг бол зарим нь Альбертагийн хойд хэсгийн газрын тосны элсний ордуудад ажиллахаар явжээ. Лукас Михальскийн хувьд хүүхдүүд нь гэрийнхээ ойролцоо амьдарч, “Northback”-д үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механикч, гагнуурчин эсвэл цахилгаанчин болж ажиллаад, орой бүр гэртээ ирж үхрийн аж ахуйгаа эрхлэх боломжтой болох нь хамгийн чухал юм. Уурхайгаас үр өгөөж хүртэх ойролцоох сууринуудад амьдардаггүй эсэргүүцэгчид байгаль орчны нөлөөллийг хэтрүүлж хүлээн авч байна гэж тэрбээр үзэж байна.
“Манайх цэнхэр захтнуудын нутаг. Үргэлж л ийм байсан. Мод бэлтгэлийн салбар маань алга болсон. Газрын тос, байгалийн хийн салбар ч алга болсон. Угаасаа энэ хоёр салбар манайд төдийлөн хөгжөөгүй учраас одоо бидэнд үлдсэн цорын ганц зүйл нь уул уурхай” гэж Лукас Михальски тодотголоо.