
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
АНУ-ын инфляцын эрчимжилтийг хязгаарлахын тулд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөх шаардлагатай болж магадгүй гэх болгоомжлол нэмэгдэж, алтны үнэ улаан бүсэд хадгалагдаж байна. Лхагва гарагт 1.3 хувиар буурсан алтны спот ханш өнөө өглөөний байдлаар 4,145 ам.доллароос үл ялиг дээгүүр түвшинд арилжаалагдав.
АНУ, Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал дэлхий даяар инфляцыг хөөргөж, төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгаснаас хойш алтны үнэ 20 гаруй хувиар буураад байгаа.
Үүнээс гадна Боливи улс хувийн хэвшлийнхнийхээ алтны экспортыг нэмэгдүүлж, дотоодын банкнууддаа орж ирэх ам.долларын урсгалыг өсгөх шинэчлэл хэрэгжүүлэхээр боллоо. Тус улсын Ерөнхийлөгч Родриго Пасын дэмжсэн энэхүү шинэчлэлээр төв банкны хяналтад гурван жил мөрдсөн тогтолцоог халж буй.
Шинэ журмаар алт экспортлогчид орлогынхоо 80-аас доошгүй хувийг дотоодын санхүүгийн байгууллагуудад байршуулснаа эрдэс, металлын худалдааны зохицуулагч байгууллагад нотлох ёстой. Харин алт экспортлохдоо төв банкнаас гэрчилгээ авах шаардлагагүй болж байгаа аж.
Өмнөх тогтолцоогоор төв банк нь алтаа эхлээд худалдан авч, үлдсэн хэсгийг экспортлох зөвшөөрөл олгодог байсан нь хууль бус экспортын сэдэл бий болгосон гэж шүүмжлэгчид үздэг байна.