
Зургийг: Jonathan Nackstrand/AFP/Getty Images
(Bloomberg) -- Чөлөөт зах зээлийн агуу “үл үзэгдэгч гар” болоод түүний нууцлаг хүч чадал дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг байж болох ч үнэндээ жинхэнэ хүч бидний гарт бий. Гэр бүлээрээ хоолонд орох, үнэтэй шинэ автомашин худалдаж авах, бэрхшээл тохиоход зарцуулах мөнгө хуримтлуулах гээд та бидний өдөр тутмын шийдвэрүүд эдийн засгийн чиглэлийг тогтоодог. Энэхүү хүч чадлыг ойлгосноор улс орнуудын Засгийн газар, бодлого тодорхойлогчдод эдийн засгийн хүнд цаг үеийг ажрахгүй даван туулахад дөхөм болно.
Чухам энэ санаа Стэнфордын их сургуулийн Роберт Холл, Колумбиа их сургуулийн Майкл Вудфорд нарт энэ оны Нобелийн Эдийн засгийн шагналыг авчирлаа. Шведийн Эзэн хааны Шинжлэх ухааны академиас тэдгээр эдийн засагчдын “микро суурь үндэслэлээс макро эдийн засгийн дүгнэлт гаргаж болох"-ыг бататгасан гавьяаг нь үнэлжээ. “Макро эдийн засгийн аливаа үзэгдлийг эдийн засгийн оролцогч этгээд бүрийн зан төлөвийг судалж, тэдгээрийн нөлөөг нэгтгэн авч үзсэнээр л ойлгох боломжтой” хэмээн шагнал гардуулах болсон үндэслэлд тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл эдийн засаг бол хөдөлгөөн бүрийг нь математикийн томьёогоор тайлбарлаж болох аварга том, төгс бүтээгдсэн машин биш. Харин эдийн засаг бол хувь хүн бүрийн айдас, итгэл найдвар, хүлээлтийг тольдон харуулдаг эмх цэгцгүй, хүмүүн мөн чанартай тогтолцоо юм.
Холл, Вудфорд нарын судалгааны гол цөм нь нэгэн зөрчилтэй асуулт байв. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд яагаад хүмүүсийн бодит зан төлөвтэй тэр бүр нийцдэггүй вэ? Хоёр эдийн засагчийн судалгааны чиглэлийг тодорхойлсон чухал үе нь 1970-аад оны стагфляц байлаа. Тухайн үед ажилгүйдэл хоёр оронтой тоонд хүрсэн атлаа инфляц мөн хоёр оронтой түвшинд өсөж байв. Эдийн засгийн уламжлалт загваруудаар бол ийм зүйл тохиолдох учиргүй. Ажилгүйдэл ихтэй үед хүмүүсийн худалдан авах чадвар суларч, бараа, үйлчилгээний эрэлт хумигдах ёстой. Харин эрэлт буурвал үнэ дагаад буурах ёстой байв.
Үүнээс Роберт Холл ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл эдийн засгийн тоон мэдээллийн цаана өдөр бүр шийдвэр гаргаж буй сая сая хүн байдгийг ойлгохгүйгээр дээрх зөрчлийг тайлбарлах боломжгүй аж. Хүмүүсийн шийдвэр макро эдийн засгийн үзүүлэлтээс илүүтэй ирээдүйн талаарх хүлээлт болон хувийн нөхцөл байдалд тулгуурлах нь элбэг. Иймээс тэдний зан төлөв тухайн үеийн эдийн засгийн тоон мэдээлэлтэй тэр бүр нийцдэггүй.
Жишээлбэл, албан тушаал дэвших гэж байна гэж бодсон хүн цалин нь бодитоор нэмэгдээгүй байхад ч хэрэглээгээ эрс өсгөж болно. Харин ажлаасаа халагдаж магадгүй гэсэн мэдээлэл сонсвол цалин нь өөрчлөгдөөгүй байсан ч зардлаа огцом танах магадлалтай.
Харин Вудфордын судалгаа өнөөдөр байнга хөндөгддөг нэгэн асуудлыг багтаажээ. Тэр нь АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээр дамжуулан хүмүүсийн худалдан авах зан төлөвт хэрхэн нөлөөлдөг тухай юм.
Төв банк хүүгээ бууруулахад иргэд болон бизнесүүдийн зээл авах өртөг багасаж, мөнгөө хадгаламжид байршуулах сонирхол буурна. Ингэснээр сая сая хүн зээл нэмж авах, эсвэл хадгаламжаасаа мөнгөө гарган өөр зүйлд хөрөнгө оруулах шийдвэр гаргадаг. Үүний дүнд хэрэглээ нэмэгдэж, улмаар үнэ өсөхөд нөлөөлнө. Харин хүү өсөхөд иргэд, бизнесүүдийн зээл авах болон зарцуулах хэмжээ буурч, эцэстээ үнийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлдэг.
Ирээдүйн талаарх хүлээлт инфляцад хэрхэн нөлөөлдгийг Вудфорд мөн судалжээ. Цэсээ жилд нэг удаа шинэчлэн хэвлэдэг ресторан байлаа гэж бодъё. Орц, түүхий эдийн үнэ тухайн жилийн турш өснө гэж рестораны эзэн таамаглаж байвал махны өнөөдрийн үнээр хоолны үнээ тодорхойлохгүй. Харин тэр таамаглалаа одоо зарж буй хоолны үнэдээ шингээх магадлалтай.
Шведийн Эзэн хааны Шинжлэх ухааны академи Холл, Вудфорд нарын судалгааг “макро эдийн засгийн томоохон хямралуудыг өмнөхөөс хавьгүй илүү үр дүнтэйгээр удирдах боломж бүрдүүлсэн” гэж онцолжээ. “Энэ нь цар тахал болон сүүлийн жилүүдийн эрчим хүчний хямралын үед асар их ач холбогдолтой байлаа. Эдгээр хямрал нь 1970-аад оны эгзэгтэй үеүдтэй харьцуулахад эдийн засгийн өсөлт, инфляцад удаан үргэлжлэх үр дагаварт хүргээгүй” хэмээн бичсэн байна.
Шагналын талаар сэтгүүлчдийн асуултад “Гэнэтийн мэдээ байлаа. Гэхдээ маш сайхан санагдаж байна” гэж Вудфорд хариулжээ.
Шинэхэн Нобелийн шагналтнуудын ирээдүйн хүлээлт төдийгүй зарцуулалт ч үлэмж нэмэгдэх боломжтой болов. Учир нь хоёр эдийн засагч нийт 1.2 сая орчим ам.долларын шагналыг хуваан авах юм.