
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улсын эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөллийг Олон улсын валютын сан 5.8 хувь байсныг 6.2 хувь болгон нэмэгдүүллээ. Мөн 2027 оны өсөлтийн төсөөллөө 5.6 хувь байснаас 5.9 хувьд хүргэжээ.
Олон улсын валютын сангийн ажлын хэсэг есдүгээр сарын 23-29-нд Монгол Улсад ажиллаж, макро эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг судалж хэлэлцсэн юм.
Айлчлалын дараа нийтэлсэн дүгнэлтдээ энэ оны эцэст инфляц 13 хувь орчим байна гэж тооцоолсон. Мөн төсвийн тэлэх бодлого болон нэрлэсэн цалингийн өсөлтийн нөлөөгөөр инфляц 2027 оны эцэс хүртэл Монголбанкны зорилтот интервалаас дээгүүр түвшинд хадгалагдах төлөвтэйг онцолжээ.
Түүнчлэн уул уурхайн салбарын өсөлт болон нийлүүлэлтийн шок үргэлжилж буй үед 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөлд зарлагыг их хэмжээгээр тэлэхээр тусгасан байгааг дурдсан.
Нэмэлт зарлагын дийлэнхийг төрийн өмчит компаниуд болон Оюу толгойн нэг удаагийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс төсвийн тэлэлт нь төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулав.