logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголын залуучууд анхны ажилдаа нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгааг АХБ-ны судалгаа харуулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 16:45
    2048

    Зургийг: Э.Тэнгис

    Монголд 18-24 насны залуучууд анхны ажлын байрандаа дунджаар 0.9 жил буюу 11 сар гаруй хугацаанд ажилладаг бол 30-аас дээш насныхны хувьд анхны ажилдаа дунджаар 3.6 жил ажиллаж байжээ. Тодруулбал: Монголын залуу үеийнхний ажлын байрны шилжилтийн давтамж дээд үеийнхнээсээ даруй гурав дахин өндөр байгааг Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан Монголын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгааны тайлан харууллаа.

    Залуучуудын ажлын байраа сонгох шийдвэрт зөвхөн цалингийн хэмжээ нөлөөлөхгүй байна. Судалгаагаар ажилтнаа хүндэлдэг, таатай байгууллагын соёл хамгийн өндөр үнэлгээ авсан бол ажлын байрны тогтвортой байдал дараа нь оржээ. Судалгаанд оролцсон залуучууд ажиллах таатай орчны төлөө сарын 500-600 мянган төгрөг, тогтвортой ажлын байрны төлөө сарын 300-400 мянган төгрөгийн нэмэлт цалингаас татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

    Түүнчлэн залуучуудын анхны ажлаа орхисон хамгийн түгээмэл шалтгаанууд нь ажлын нөхцөлд сэтгэл хангалуун бус байдал, ар гэрийн үүрэг хариуцлага байв. Ажил олгогчид цалингаас гадна хийж буй ажлынх нь утга учрыг ойлгуулах, байгууллагад оруулж буй хувь нэмрийг нь тодотгон харуулах, мэргэжлээрээ өсөж дэвших замыг засах зэрэг нь залуусыг тогтоон ажиллуулахад хамгийн чухал гэж үзжээ.

    Залуусын ажлын байрны тогтворгүй байдлаас гадна хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх босго өндөр байдаг нь том сорилт болж байна. Их сургуулиа төгссөн залуусын ердөө 39 хувь нь эхний нэг жилийн дотор ажилтай болсныг судалгааны үр дүн харуулжээ. Мөн 18-29 насны ажиллагчдын бараг 40 хувь нь сүүлд орсон ажлаа гэр бүл, найз нөхдийн холбоогоор дамжуулж олсон нь албан ёсны хөдөлмөр зуучлал, мэдээллийн хүртээмж сул байгааг илтгэж байна.

    Ажлын байрны шилжилт эрс нэмэгдсэн энэ үр дүнг зөвхөн “залуус тогтвор суурьшилтай ажиллахаа больсон” гэдгээр тайлбарлах боломжгүй аж. Ажил олгогчдын хувьд өрсөлдөхүйц цалингаас гадна байгууллагын соёл, тогтвортой гэрээ, чанартай дадлагажуулалт, тогтмол эргэх холбоо болон ахиж дэвших тодорхой боломж бүрдүүлэх шаардлага нэмэгдэж байна. Харин бодлого боловсруулагчдын түвшинд сургуулиас хөдөлмөрийн зах зээлд шилжих тогтолцоо, мэргэжлийн сургалт, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг сайжруулах шаардлагатайг Азийн Хөгжлийн Банк онцолжээ.

    Судалгааг Улаанбаатар хотын 803 өрхийн хөдөлмөрийн насны 816  иргэний мэдээлэл, ажил олгогчдын ярилцлага болон хөдөлмөрийн зах зээлийн тоон өгөгдөлд тулгуурлан боловсруулсан байна.

    Cэтгэгдэл бичих