
Зургийг: Luke Sharrett/Bloomberg
АНУ-ын банкнууд сүүлийн дөрвөн жилд нүүрсний компаниудад 67 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноор хөгжингүй орнуудыг тэргүүлж байна. 2025 он хүртэл АНУ-ын томоохон банкнууд санхүүжилтийн үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийг тэглэх зорилготой НҮБ-ын дэмжлэгтэй банкны эвсэл болох “Net-Zero Banking Alliance”-ийн гишүүн байсан юм.
Харин одоо “Citigroup”, “Bank of America”, “Morgan Stanley”, “Goldman Sachs” болон “Wells Fargo” зэрэг тус холбооноос 2024-2025 онд гарсан бүх банк нүүрсний санхүүжилтээрээ олон улсын хэмжээнд тэргүүлж байна. Тухайлбал: 2025 онд “Morgan Stanley”-ийн нүүрсний санхүүжилт 2022 оныхоос 1.4 дахин өсөж, 1.5 тэрбум ам.доллар дөхсөн бол “Bank of America”-гийнх 62 хувиар өсөж, 2.2 тэрбум ам.доллар давжээ. Хэдий тийм боловч дээрх хоёр банк аль аль нь 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаа цэвэр дүнгээр тэглэх амлалт өгөөд байгаа юм.
2024 онд тус банкны холбооны бүрэлдэхүүнд 74 их наяд ам.долларын хөрөнгө бүхий 140 гаруй банк багтаж байжээ. Гэвч түүнээс хойш гишүүн байгууллагуудад АНУ-ын Бүгд Найрамдах намын улс төрчдийн зүгээс шахалт үзүүлж эхэлсэн байна. Эдгээр банкийг уур амьсгалын асуудалд төвлөрсөн холбоодод оролцсоноороо хууль зөрчсөн байж болзошгүй гэж анхааруулж, мужийн түвшний төсвийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрөөс хасна гэж сүрдүүлж эхэлжээ.
Энэ нь Дональд Трампын ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогын эсрэг өрнүүлж буй улс төрийн өргөн хүрээний кампанит ажлын нэг хэсэг болж байна.
Харин Европт Их Британид төвтэй банкнууд нүүрсний салбарт сүүлийн дөрвөн жилд 8.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноор Европ тивийг нүүрсний санхүүжилтээр тэргүүлж байна. Их Британи нүүрсний хэрэглээг “үе шаттайгаар бууруулах” амлалтыг анх гаргасан 2021 оны COP26 уулзалтыг зохион байгуулж байсан юм. Түүнээс хойш 2022-2025 оны хооронд тус улсын нүүрсний санхүүжилт 17 хувиар өсөж, 2.3 тэрбум ам.доллар хүрчээ.
Мөн хугацаанд Европын Холбооны нүүрсний нийт санхүүжилт 46 хувиар буураад байна. ХБНГУ-ын банкнууд 4.9 тэрбум ам.доллар, Франц улсын банкнууд 3.4 тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ.
Их Британийн банкнуудын нүүрсний салбарын санхүүжилтийг голлон "Barclays" болон "HSBC" банкны санхүүжилт бүрдүүлсэн байна. Хоёр банк хоёулаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон “Net Zero” буюу хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр дүнгээр тэглэхтэй холбоотой өндөр түвшний амлалтууд өгсөн аж. Тухайлбал: “Barclays”-ийн нүүрсний салбарын санхүүжилт 2022 оны 1.2 тэрбум ам.доллароос 2025 онд 1.6 тэрбум ам.доллар болж, 34 хувиар өсжээ.
Харин “HSBC”-ийн санхүүжилт 200 сая ам.доллароос 414 сая ам.доллар болж, хоёр дахин нэмэгдсэн байна. Ийнхүү хамгийн сүүлийн нүүрсний цахилгаан станцынхаа үйл ажиллагааг 2024 онд бүрэн зогсоосон Их Британийн нүүрсний санхүүжилт өссөөр байгаа аж.
Дэлхийн хэмжээнд авч үзвэл 2022-2025 оны хооронд банкнуудын нүүрсний салбарт олгосон санхүүжилт үндсэндээ тогтвортой байсан бөгөөд жилд дунджаар 117 тэрбум ам.доллар орчимд хадгалагдаж байна. Үүний 63 орчим хувийг БНХАУ эзэлж байгаа юм. БНХАУ нь Глазго хотноо болсон COP26 уулзалтаар нүүрсний хэрэглээг “үе шаттайгаар зогсоох” гэсэн амлалтыг БНЭУ-тай хамтран “бууруулах” болгон өөрчлөхийг дэмжиж байв.