logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Санах ойн чипийн эрэлт цойлсноор “Samsung” ашгийн шинэ дээд амжилтаа тогтоолоо
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 08 10:50
    75

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Samsung: III улирлын үйл ажиллагааны ашиг 107.3-107.5 их наяд вон хүрэх төлөвтэй

    (Bloomberg) -- “Samsung Electronics” компанийн ашиг дахин түүхэн дээд түвшинд хүрсэн ч шинжээчдийн тэнгэрт тулсан хүлээлтээс үл ялиг доогуур гарлаа. Санах ойн чипийн үнэ эрс өсөж, хиймэл оюуны дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт эрчимжсэн нь тус компанийн ашгийг нэмэгдүүлсэн байна.

    Есдүгээр сараар эцэслэсэн III улиралд “Samsung Electronics”-ийн үйл ажиллагааны ашиг ойролцоогоор 107.4 их наяд вон буюу 80.1 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 8.8 дахин өссөн байна. Үүнд HBM чипийн эрэлт гол дэмжлэг болжээ. Хэдий тийм боловч энэ нь шинжээчдийн дундаж таамаг болох 108.7 их наяд воноос ойролцоогоор нэг хувиар доогуур үзүүлэлт юм.

    Чипээс эхлээд ухаалаг гар утас үйлдвэрлэдэг БНСУ-ын “Samsung Electronics” компанийн өргөн хэрэглээний электроникийн бизнесийн ашгийн маржин эд ангийн үнийн өсөлтөөс шалтгаалан хумигдаж байна. Пүрэв гарагт танилцуулсан урьдчилсан дүнгээр орлого нь дунджаар 195 их наяд вон болсныг мэдээлсэн нь мөн л шинжээчдийн хүлээлтээс доогуур дүн боллоо.

    8-1.JPG

    “Эдгээр нь сайн үзүүлэлт. HBM чипийн бизнесийн өсөлт үр дүнд нь бүрэн тусаж амжаагүй учраас ирэх онд өсөх боломж их байна” гэж “Counterpoint”-ийн судалгаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Нил Шах онцолсон байна. 

    Ашгийн үзүүлэлтээ шинэчлэн тогтоохоос гадна шинжээчдийн хүлээлт хэт өндөр байгаа нь хиймэл оюуны салбарын тэлэлт “Samsung Electronics”, “SK Hynix”, “Micron Technology” зэрэг санах ойн чип үйлдвэрлэгчдэд хэр их өгөөж авчирч байгааг харуулж байна. Дата төв хөгжүүлэгчид хиймэл оюуны серверүүддээ шаардлагатай санах ойн чипийн нийлүүлэлтийг баталгаажуулахаар өрсөлдсөөр байгаа юм.

    “Counterpoint Research” III улиралд DRAM чипийн үнэ өмнөх улирлаас 5-10 хувиар өснө гэсэн таамгаа 10-20 хувь болгон нэмэгдүүлээд байна. Тус байгууллагын тайлбарласнаар худалдан авагчид захиалгаа төлөвлөснөөсөө эрт өгч байгаа нь нийлүүлэгчдийн үнэ тогтоох боломжийг нэмэгдүүлж байгаа аж.

    Энэхүү өсөлт хэдхэн жилийн өмнө эрэлтийн огцом уналтаас болж алдагдал хүлээж байсан “Samsung Electronics”-ийн хагас дамжуулагчийн бизнесийг эрс өөрчлөөд байна. Өдгөө хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэвшилтэт DRAM чип асар их хэмжээгээр шаардлагатай болж буй. Үүний зэрэгцээ “Samsung Electronics” нь “Nvidia” болон бусад үйлдвэрлэгчийн хиймэл оюуны хурдасгуурт ашигладаг HBM чипийн зах зээлд “SK Hynix”-тэй өрсөлдөх байр сууриа бэхжүүлж байна. 

    Чипийн зах зээлийн өсөлт БНСУ-ын гадаад худалдааны үзүүлэлтэд ч нөлөөлсөн байна. Есдүгээр сард тус улсын хагас дамжуулагчийн экспорт өмнөх оны мөн үеэс 3.63 дахин өсжээ.

    SAMSUNG.png

    Шинжээчдийн дундаж таамгаар “Samsung Electronics”-ийн чипийн салбарын үйл ажиллагааны ашиг 110 их наяд вон хүрэх бол электроникийн салбар нь алдагдал хүлээхээр байна. Сувонд төвтэй тус компани санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа аравдугаар сарын 29-нд танилцуулна. 

    “Samsung Electronics” анх энэ оны долоодугаар сард ашиг нь дээд амжилт тогтоосныг мэдээлсэн ч хувьцааны ханш нь зургаадугаар сарын оргил түвшнээсээ ойролцоогоор 25 гаруй хувиар доогуур түвшинд хэвээр хадгалагдаж байна.

    Өсөлт, уналтын мөчлөг ихтэй тус салбарын огцом цойлж буй ашиг цаашид тогтвортой хадгалагдах эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзсэн хэвээр байгаа юм. Харин үүнтэй зэрэгцэн “Samsung Electronics”, “SK Hynix” үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ эрэлтийг өсгөх зорилгоор хиймэл оюуны салбарын компаниудад хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна.

    Cэтгэгдэл бичих