
Зургийг: mining.com
Дэлхийн тэргүүлэх алт олборлогч “Newmont” компанийн Гүйцэтгэх захирал Наташа Вилжоэн алтны үнэ өндөр түвшинд хүрсэн ч салбарын компаниуд зардлаа хянаж, хөрөнгө оруулалтаа оновчтой хуваарилах ёстой гэж мэдэгдлээ.
Аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлт нэмэгдсэнээр алтны үнэ 2025 онд эрс өсөж, энэ оны нэгдүгээр сард унц нь 5595 ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Үүний үр дүнд “Newmont” зэрэг олборлогчдын ашиг хурдацтай тэлсэн байна.
Тус компанийн Гүйцэтгэх захирал “Түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөгийн оргил үед бизнесүүдийн гаргаж болох хамгийн том алдаа нь капитал хуваарилалтын сахилга батаа алдах” гэж мэдэгдлээ. Үнэ өндөр үед шинэ төсөл, хөрөнгө оруулалт хийхээр шуурах хандлагатай байдгийг тэрбээр дурдсан юм.
Ираны дайн эхэлснээс хойш эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдсэнээр алтны үнэ 20 орчим хувиар буураад байна.
АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ хамгийн багадаа дахин нэг удаа өсгөх магадлалыг арилжаанд оролцогчид үнэлж буй энэ үед алтны үнэ сүүлийн есөн долоо хоногийн доод түвшинтэйгээ ойролцоо арилжаалагдаж байна.
Лхагва гарагт алтны ханш 1.3 хувиар суларч, наймдугаар сарын эхнээс хойших хамгийн доод түвшинд хүрсэн юм. Сүүлийн байдлаар өөрчлөлтгүй, унц нь 4110 ам.доллар орчимд хадгалагдаж байна.