
Зургийг: mongolia.gov.mn
Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 25.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 34.7 хувиар өссөнийг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.
Экспортод 16.2 тэрбум ам.долларын бараа түүхий эд гаргасан нь өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өссөн байна. Харин импортоор 9.7 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 6.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Монгол Улс дэлхийн 74 улсад бараа, бүтээгдэхүүн экспортолсноос 93 хувийг БНХАУ-д, 4.2 хувийг Швейцарт, 0.8 хувийг АНУ-д нийлүүлсэн байна. Нийт экспортын үнийн дүнгийн 43.7 хувийг зэсийн баяжмал, 36.9 хувийг чулуун нүүрс эзэлжээ.
Оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 82.3 сая тонн чулуун нүүрсийг 5.9 тэрбум ам.доллароор экспортолсон нь 2025 оны жилийн эцсийн нийт дүнг давсан байна. Энэ онд нийт 100 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа юм.
Мөн 1.9 сая тонн зэсийн баяжмалыг долоон тэрбум ам.доллароор экспортолсон нь 2025 оны бүтэн жилийн нийт дүнгээс 22 орчим хувиар өндөр байна.
Импортын нийт бараа, бүтээгдэхүүний 41.2 хувийг БНХАУ, 27.6 хувийг ОХУ-аас, 8.8 хувийг Япон улсаас худалдан авчээ. Үнийн дүнгийн 22.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 12.1 хувийг суудлын болон ачааны автомашин эзэлж байгаа юм.
Жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт экспорт 19 тэрбум ам.доллар болно гэж тооцоолж буйг Сангийн яам танилцуулсан юм. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 17.6 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна. Харин нийт импорт 13 орчим тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.