
Зургийг: Miguel Medina/AFP/Getty Images
(Bloomberg) -- Боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэхийг шаардсан сурагчдын хөдөлгөөн Франц улс даяар өргөжиж, багш нарын эвлэлүүд тэмцэлд нэгдсэнээр мягмар гарагийн байдлаар тус улсад 900 гаруй ахлах сургууль үүдээ барьжээ. Зарим бүсэд жагсаал цуглаан хүчирхийлэл рүү шилжиж, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан тохиолдол цөөнгүй гарсан байна.
Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр жагсаалд улсын хэмжээнд 256 мянга орчим хүн, үүнээс Парист 56 мянган хүн оролцжээ. Мягмар гарагт 500 орчим хүн баривчлагдсанаар есдүгээр сарын 28-наас хойш баривчлагдсан хүний тоо 6500 давсан аж.
Нэг ангид суралцах сурагчдын тоог бууруулах, сургуулийн барилгуудыг шинэчлэх, их сургуулийн элсэлтийн хуваарийн тогтолцоог өөрчлөхийг шаардсан жагсаал есдүгээр сард Парис орчмын бүсээс эхэлж, өнгөрсөн долоо хоногт асар хурдтайгаар Франц даяар өргөжсөн байна.
Хөдөлгөөн эхэлснээс хойш 215 сурагч, 85 боловсролын ажилтан бэртэж гэмтсэний дунд 34 сургуулийн захирал ба орлогч захирал багтсан байна. Мөн цагдаагийн 715 алба хаагч гэмтсэн болохыг Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню Үндэсний ассамблейн гишүүдэд мэдээлжээ.
“Le Figaro” сонины пүрэв гарагт нийтэлсэн санал асуулгаар францчуудын 62 хувь нь сурагчдын хөдөлгөөнийг дэмжсэн үр дүн гарчээ.
Хурцадмал байдлыг намжаахын тулд Ерөнхий сайд Себастьян Лекорню ням гарагт сайд нартаа албан захидал илгээж, сурагчдын хөндсөн асуудлуудыг шийдвэрлэх санал боловсруулахыг үүрэг болгосон байна. Засгийн газрын төсвийн анхны төсөлд ирэх онд боловсролын салбарын санхүүжилтийг 1.2 тэрбум евро буюу 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгажээ.