logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Уул уурхайгаас хамааралтай Монгол Улсад $580-880 саяын шинэ хөрөнгө оруулалт татах боломжтой 3 салбарыг Дэлхийн Банк нэрлэлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 15:30
    654

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Монгол Улс тогтвортой ноолуурын боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч болон чухал ашигт малтмалын хайгуулын бодлого, зохицуулалтын орчноо шинэчилбэл дунд хугацаанд 580-880 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах боломжтойг Дэлхийн Банк тооцоолжээ.

    Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дүнгээр тооцвол Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн татдаг ч урсгал нь уул уурхайд хэт төвлөрсөн хэвээр байгааг Дэлхийн Банк сүүлд гаргасан “Монгол Улс: Хувийн хэвшлийн судалгаа, тайлан”-даа онцолсон байна. Тодруулбал: 2019-2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дунджаар 14.1 хувьтай тэнцсэн нь харьцуулах боломжтой олон орноос өндөр байсан ч нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт ногджээ.

    unnamed.jpg

    Энэхүү төвлөрөл эдийн засгийн өсөлтийг түүхий эдийн үнэ, гадаад эрэлт болон худалдааны тасалдлаас өндөр хамааралтай болгож буй. Сүүлийн байдлаар Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж, экспортын 91 хувь нь БНХАУ-ын зах зээлд төвлөрчээ. Мөн Монгол Улс 2023 оны Эдийн засгийн цогц байдлын индексээр 145 орноос 139 дүгээрт эрэмбэлэгдсэн нь өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэлийн төрөлжилт сул байгааг харуулж байна.

    Дэлхийн Банк хөрөнгө оруулалтыг хязгаарлаж буй гол хүчин зүйлээр улс төр, бодлогын тогтворгүй байдал, татвар болон тусгай зөвшөөрлийн тодорхойгүй байдал, дүрэм журмын жигд бус хэрэгжилтийг нэрлэв. Үүн дээр ур чадвартай ажиллах хүчний хомсдол, дэд бүтцийн хоцрогдол болон урт хугацааны санхүүжилтийн хүртээмжгүй байдал нэмэгдэж байна. Тухайлбал: бүртгэлтэй бизнесийн 90 гаруй хувийг жижиг, дунд үйлдвэр бүрдүүлдэг ч банкны нийт зээлийн 20 хүрэхгүй хувийг авдаг аж.

    Шинэчлэл шаардлагатай гурван салбар

    Эн тэргүүнд ноолуурын салбарт чанарт суурилсан үнэ тогтоох, гарал үүслийг мөшгөх тогтолцоог сайжруулах, санхүүжилтийг улирлын мөчлөгт нь нийцүүлэх замаар 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтойг онцоллоо. Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг нийлүүлдэг ч ердөө 20 хувийг нь дотооддоо боловсруулдаг. Энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 70 хувьд хүргэвэл 3000–5000 ажлын байр бий болох тооцоололтой байна.

    Харин нар, салхины эрчим хүчний салбарт 230 сая ам.долларын хөрөнгө оруулалт, 1700 орчим ажлын байр бий болгох боломжтой гэж үзжээ.

    Монгол орны нар, салхины боломжит нөөц өнөөгийн эрчим хүчний хэрэглээнээс 300 дахин их боловч 2024 онд сэргээгдэх эх үүсвэр нийт цахилгаан үйлдвэрлэлийн ердөө 10 хувийг бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийн тулд дамжуулах сүлжээний урт хугацааны төлөвлөгөө, тогтмол дуудлага худалдаа, банкны санхүүжилтийн шаардлага хангасан цахилгаан худалдах, худалдан авах гэрээ шаардлагатайг тайланд онцолжээ.

    Гуравдугаарт, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай зэс, лити, никель, графит, кобальт болон газрын ховор элементийн хайгуулд 200-500 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах орон зай байна гэж үзэв. Өнөөдрийн байдлаар хайгуул хийх боломжтой газрын 15 хүрэхгүй хувьд тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд геологийн өгөгдөл хуучирсан, лиценз олголт болон орон нутгийн зөвшөөрлийн үйл явц тодорхойгүй хэвээр байна.

    Эдгээр саадыг арилгавал хайгуулын шатанд 700-1400 ажлын байр бий болж, урт хугацаанд нэгээс хоёр шинэ уурхай хөгжүүлэх суурь бүрдэх боломжтойг тэмдэглэжээ. Хэдий тийм боловч дээрх тооцооллууд нь баталгаатай төсөөлөл бус, бодлогын шинэчлэл бүрэн хэрэгжиж, төслүүд амжилттай хөгжсөн нөхцөлд бий болох хувилбар юм.

    Монголд байгалийн нөөц, сэргээгдэх эрчим хүч, ноолуурын давуу тал хангалттай байгаа ч тэдгээрийг бодит хөрөнгө оруулалт болгоход зохицуулалтын тогтвортой байдал, дэд бүтэц, санхүүжилт болон Төрийн бодлогын хэрэгжилт шийдвэрлэх нөлөөтэй гэдэг нь Дэлхийн Банкны тайлангийн гол дүгнэлт байлаа.

    Cэтгэгдэл бичих