
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын төлбөрийн тэнцэл наймдугаар сарын эцэст нэг тэрбум 289 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед төлбөрийн тэнцэл дөрвөн сая гаруй ам.долларын ашигтай гарч байсан юм.
Төлбөрийн тэнцэл долоо дахь сардаа ашгаа хадгалахад барааны худалдааны дансны үзүүлэлт эергээр нөлөөлсөн бол бусад бүх данс алдагдалтай гарчээ. Тухайлбал: 2026 оны I-VIII сард барааны худалдааны данс зургаан тэрбум ам.долларын ашигтай гарсан бол өнгөрсөн оны мөн үед дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарч байсныг Монголбанк мэдээлэв.
Ашгийн түвшин өссөн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ болон зах зээлийн үнэ сайн байсантай холбоотой аж. Тухайлбал: зэсийн хүдэр, баяжмалын экспортын орлого 6.2 тэрбум ам.доллар, нүүрсний экспортын орлого 5.3 тэрбум ам.доллар болсон байна. Харин өнгөрсөн онуудад тогтмол өндөр өсөлттэй байсан суудлын автомашины импорт буурч, 711.9 сая болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлж байсан юм.
Харин үйлчилгээний данс алдагдалтай хэвээр байна. Оны эхний найман сарын хугацаанд Монгол Улс гаднын улс орнуудтай хийсэн тээврээс 501.9 сая ам.долларын алдагдал хүлээсэн бол аяллын үйлчилгээний зөрүү 678 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад мөн л алдагдлын хэмжээ харгалзан 200-400 сая ам.доллароор нэмэгдсэн дүнтэй байна. Ингэснээр сарын эцэст Монгол Улсын гадаад валютын албан нөөц 8.3 тэрбум ам.долларын түвшинд хадгалагдлаа.