
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
(Bloomberg) -- Японы ажиллагчдын бодит цалин найм дахь сардаа дараалан өсөж, сүүлийн 10 орчим жилийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. Санаэ Такаичигийн инфляцын дарамтыг бууруулах арга хэмжээнүүд айл өрхүүдийн худалдан авах чадварыг дэмжсэн байна.
Наймдугаар сард Японд бодит цалин өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөнийг тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээлсэн нь эдийн засагчдын медиан таамагтай нийцлээ. Үндсэн цалин тогтвортой нэмэгдэж, 3.8 хувиар өссөн нь бодит цалингийн өсөлтийг дэмжсэнийг тус яам онцолсон байна.
Түүнчлэн нэрлэсэн цалин 3.8 хувиар нэмэгдэж, долоо дахь сардаа дараалан гурван хувиас давсан өсөлттэй гарлаа. Энэ нь 1992 оноос хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлт болсон байна.
Санаэ Такаичи Парламентын чуулганы нээлтээр хэлсэн бодлогын илтгэлдээ үнийн дарамтыг бууруулах арга хэмжээнүүдийн үр дүнд Япон “Их 7”-ийн орнуудаас хамгийн бага инфляцтай улс болсныг онцолсон юм. Энэ нь тус улсын бодит цалин бүлгийн бусад орноос хамгийн хурдтай өсөхөд дэмжлэг болж буйг тодотголоо.