
Зургийг: С.Батсайхан
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт 2027 онд 82.7 тэрбум төгрөгийн төсөв хуваарилахаар төлөвлөсөн нь энэ оны батлагдсан дүнгээс 3.5 хувиар буурсан дүн болж байна. Харин урсгал зардлыг 5.4 хувиар өсгөсөн бол хөрөнгийн зардлыг 25.7 хувиар бууруулж, 18.5 тэрбум төгрөг тусгажээ.
Цахим хөгжил, инновацын салбарт 2027 онд нийт 210 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 төсөл, арга хэмжээг улсын төсөв болон бусад эх үүсвэрийн 79.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Тухайлбал: Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг-2" төслийн хүрээнд Төрийн байгууллагуудын мэдээллийн дэд бүтэц, цахим үйлчилгээ, кибер аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Төрийн 75 үйлчилгээг цахимжуулж, дижитал суурьтай 1000 ажлын байр бий болгох тус төслийн явц 40 гаруй хувьтай байна. Нийт төсөвт өртөг нь 40.7 сая ам.доллар болохоос 30 гаруй хувийг нь ашигласан бөгөөд ирэх онд 51 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхийг мэдээлжээ.
Үүнээс гадна Засгийн газар Үндэсний ногоон дата төв байгуулахаар ажиллаж байна. Мөн өгөгдлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, өгөгдлийг хариуцлагатай ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болгох юм. Цахим шилжилтийг эрчимжүүлснээр Төрийн үйлчилгээний 90 хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ гэж тооцоолж буй.
Харилцаа холбооны салбарт 2027 онд хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 52 багийг 4G сүлжээнд холбож, алслагдсан бүсийн холбооны дэд бүтцийг өргөжүүлнэ. Инновацад түшиглэсэн дижитал эдийн засгийн хөгжлийн суурийг бүрдүүлэхэд цахим хөгжлийн бодлогоо чиглүүлэхийг 2027 оны төсвийн төсөлд тодотгожээ.