
Зургийг: Toru Hanai/GETTY IMAGES
Япон улсын Айчи муж, Нагоя хотод зохион байгуулагдсан 20 дахь удаагийн Азийн наадам аравдугаар сарын 4-нд хаалтаа хийлээ.
Энэ удаагийн наадамд 298 тамирчнаа илгээсэн Монгол Улс нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртсэн нь 2002 оны Бусаны Азийн наадмаас хойших хамгийн сул амжилт болж бүртгэгдэж байна. Мөн медаль хүртсэн 37 орноос чансаагаар 27 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс анх 1974 онд Азийн наадамд оролцож эхэлснээс хойших хамгийн доогуур эрэмбэ болов.
Монголын багийн цор ганц алтан медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд Казирбекийн Ёолк, мөнгөн медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 килограммын жинд Тэрбишийн Ариунзаяа нар тус тус авчирлаа.
Энэ жилийн наадмыг оролцуулаад 1974 оноос хойш Монгол Улс Азийн наадамд нийт 198 медаль хүртсэний 29 нь алтан медаль байна. 2018 оны Жакарта-Палембангийн Азийн наадамд Монгол Улс 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн нь түүхэн өндөр амжилтаар бүртгэгдсэн ч хожим допингийн улмаас нэг алтан медаль хураагдаж байв.
2026 оны наадамд 169 алтан медальтай БНХАУ медалийн тоо, чанараар дахин тэргүүлсэн бол Япон, БНСУ удаалжээ. Харин Төв Азийн таван улс нийт 186 медаль хүртсэнээс Узбекистан улс 21 алтан медальтайгаар тавдугаарт, Казахстан 12 алтан медальтайгаар наймдугаарт эрэмбэлэгдэв