
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
(Bloomberg) -- Даваа гарагт Японы Парламентын чуулган нээлтээ хийж өрхийн амьжиргаанд үзүүлж буй инфляцын нөлөөг бууруулах хуулийн төслүүд энэ удаагийн хэлэлцүүлгийн гол сэдэв болохоор байна. Тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи бодлого боловсруулахдаа зах зээлийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглахаа илэрхийллээ. Тэрбээр хүнс, ундаа,усны бүлгийн бүтээгдэхүүний хэрэглээний татварыг бууруулах хуулийн төслийг батлуулахаар зорьж байна. Мөн эдийн засгийн илүү өргөн хүрээний зорилтоо танилцуулсан юм.
Улс орнууд өндөр өртөгтэй, урт хугацааны аж үйлдвэрийн бодлогоор өрсөлдөж буйг дурдаад үүнээс хоцрохгүйн тулд хүчтэй бөгөөд тогтвортой өсөлтийг эхлүүлэх шаардлагатайг тодотгон “Япон улс босох ёстой” хэмээн Санаэ Такаичи онцолжээ.
Тэрбээр ирэх 14 жилд Төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтыг 370 их наяд иен буюу 2.3 их наяд ам.доллар хүргэх зорилт дэвшүүлээд байна.
Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи
“Бид эдийн засаг, инфляц, татварын орлого, хүүгийн түвшин, хүүгийн төлбөр болон зах зээлийн нөхцөл байдлыг цогцоор нь үнэлж, жил бүрийн өрийн хэмжээг зохистой түвшинд удирдана. Хэрэв эдийн засаг эсвэл зах зээл төсөөлөөгүй чиглэлд өөрчлөгдвөл үр нөлөөг нь нарийвчлан шинжилж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах болно” гэж мэдэгдлээ.