
Зургийг: Шатахууны Шуурхай штабын мэдээлэл
Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ 75 мянган тонн байдаг бол одоогоор 78 мянган тонн шатахууны нийлүүлэлт баталгаажаад буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Мөн нэмэлтээр 5000 тонн шатахуун авах хэлцэл хийж байгааг тэрбээр онцолж байна.
Улсын хэмжээнд наймдугаар сард 50 мянган тонн, есдүгээр сард 60 мянган тонн шатахуун импортолсон. Импортоор орж ирж буй шатахууныг саатуулахгүйгээр шууд түгээлтэд гаргаж байгаа, төмөр замаар ирсэн шатахууныг агуулахад оруулахгүйгээр автомашинд шилжүүлэн ачиж буйг салбарын сайд тодотгов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Энэ сард шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдал харьцангуй тогтворжино” гэж үзэж байгаагаа мэдээлсэн юм. Тухайлбал: БНСУ-аас энэ сард 12 мянган тонн шатахуун импортлохоор төлөвлөжээ.
Урт хугацаанд шатахууны дотоодын хэрэгцээг хангахын тулд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт одоогоор 60 гаруй хувьтай байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад оруулж, шатахууны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилт тавьж байна.
Хамгийн сүүлийн буюу аравдугаар сарын дөрөвний 08.00 цагаас тавны өдрийн 08.00 цагийн хугацаанд Сүхбаатар өртөөгөөр нийт 225 вагон 14,412.2 тонн шатахуун орж ирээд байгааг Шатахууны Шуурхай штаб мэдээллээ. Тухайлбал: 187 вагон 11,956.40 тонн дизель түлш, 27 вагон 1,703.98 тонн АИ-92 автобензин орж ирсэн байна.
Үүнээс гадна Шатахууны шуурхай штабын хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, шатахуун түгээх станцуудын дараалал, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах чиглэлд зарим арга хэмжээ авахаар болсон байна. Тухайлбал: шатахуун түгээх станцуудын ажилтнуудын ээлж хүлээлцэх цагийг өглөөний 08.30-09.00 цаг байсныг 11.00 цаг болгон өөрчлөх зохицуулалт хийхээр болжээ.
Өглөөний оргил ачааллын үеэр зарим шатахуун түгээх станц ээлж хүлээлцэх шалтгаанаар шатахуун түгээлтийг түр зогсоосноор автомашины дараалал нэмэгдэж, авто замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байгаа тул ийнхүү ээлж хүлээлцэх цагийг хойшлуулахаар болсон байна.