
Зургийг: Bloomberg TV Mongolia
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон шинэчлэн тогтоосон хууль ёсны шийдвэрийг Засгийн газар зөрчиж буйг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо мэдээллээ.
Хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болгох, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5600 төгрөг байхаар шийдвэрлэсэн ч 2027 оны төсвийн төсөлд тэрхүү өөрчлөлтийг тусгаагүй байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнээс гадна ажил олгогч талдаа гадаад ажилтны ажлын байрны төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж буй төлбөрийн хэмжээ нэмэгддэг байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хувийн хэвшил ажил олгогчдод дарамт нэмэгдэх, улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөх зэрэг эрсдэлтэй тул олон талын тооцоолол судалгаа шаардлагатай гэж үзэж буйгаа Засгийн газар тодотгож байсан юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хуулийн өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох шаардлага тавьж буйгаа УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг орхигдуулж буй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардаж буйгаа мэдэгдлээ.
Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.8 хувь буюу 16.3 мянга нь хөдөлмөр эрхэлж байгаа аж. Тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд 2.9 мянган хүн нэмж хамруулж, ур чадвар, дасан зохицох чадамжийг нь дээшлүүлэх зорилт тавьж буйгаа Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд тусгажээ.