
Зургийг: С.Батсайхан
2026 оны эхний хагас жилд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 5.6 дахин өсөж, 314.1 тэрбум төгрөг хүрсэн байна. Тус компани 2025 оны эхний хагаст Гашуунсухайт, Ханги боомтын экспортын ачаа буурсан, ам.долларын ханшийн зөрүүний улмаас зээлийн эргэн төлөлт өндөр гарсан зэрэгтэй холбоотой 1.25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ оны эхний зургаан сард 66.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн орлого өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр, ялангуяа нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлсөн байна. Тус компанийн орлогын үндсэн эх үүсвэр нь нүүрсний тээвэр тул тээвэрлэсэн ачааны хэмжээнээс шууд хамаардаг.
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын нийт экспорт 10.4 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөнтэй зэрэгцэн нүүрсний экспорт биет хэмжээгээр 56 орчим хувиар нэмэгдэж, 59.2 сая тонн хүрснийг Гаалийн ерөнхий газар мэдээлж байсан юм.
“Монголын төмөр зам” ТӨХК 2025 онд БНХАУ-ын “Чайна Энержи Коксжих Нүүрс" компанитай “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ” байгуулж өнгөрсөн оноос эхлэн 16 жилийн хугацаанд 247 сая тонн нүүрсийг БНХАУ руу тээвэрлэх боломж бүрдсэн нь борлуулалтын орлого өсөхөд дэмжлэг болсныг онцоллоо.