
Зургийг: С.Батсайхан
Монголбанкнаас шинжээчдийн дунд хийсэн макро эдийн засгийн төсөөллийн судалгаагаар инфляц оны эцэст одоогийн түвшнээс бага зэрэг саарч 11.4 хувь, ирэх оны II улиралд 9.7 хувь орчимд байна гэж төсөөллөө. Мөн эдийн засаг 2026 онд 6.6 хувь, 2027 оны II улиралд бага зэрэг агшиж, 6.3 хувьтай байна гэж үзжээ.
Шинжээчдийн энэ оны эдийн засаг болон инфляцын төсөөллийг Засгийн газрын төсөөлөлтэй харьцуулахад өөдрөг байна. Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь, инфляц дунджаар 10.5 хувь орчимд байхаар төсөөлж, харин 2027 онд инфляц найман хувь орчимд хүрнэ гэж төсөөлж буй.
Ирэх онд дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн хямрал аажмаар намжиж, суурь нөлөө арилахын хэрээр инфляцын эрчим суларна. Мөн хүнсний бүлгийн инфляц харьцангуй тогтворжино гэж үзэж буйгаа төсвийн төсөлд тодотгожээ.
Үүнээс гадна шинжээчид 2026 оны эцэст бодлогын хүү 12.7 хувьд хүрнэ гэж үзэж байна. Монголбанк наймдугаар сард бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувь болгосонтой холбоотойгоор шинжээчдийн бодлогын хүүгийн талаарх хүлээлт мөн нэмэгдсэн юм. Харин цаашид алгуур буурч, ирэх оны II улиралд 12.1 хувь болно гэсэн хүлээлттэй байна.
Төсөв одоо өргөн барьсан түвшинд хэвээр батлагдвал ирэх оны эцэст инфляц Төв банкны хүлээлтээс гурав орчим хувиар эрчимжих эрсдэлтэй. Энэ хэрээр мөнгөний бодлого хатуурч, бизнесүүдийн зээл санхүүжилт хүндэрнэ гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Монголбанк инфляцыг дунд хугацаанд таван хувь орчимд тогтворжуулах зорилттой байгаа юм. Нийлүүлэлтийн тогтмол тасалдал, улс төр дагасан төсвийн хэт тэлэлт, Төв банкны хараат байдал ба сахилга батгүй тогтолцоо гэсэн үндсэн гурван том хүчин зүйл инфляцыг хөөрөгдөхөд нөлөөлж буйг Монголбанкны Ерөнхийлөгч онцолсон байна.