
Зургийг: mining.com
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн 50 компанийн нийт үнэлгээ есдүгээр сарын эцэст 2.26 их наяд ам.доллар болж буурсныг “Mining.com” мэдээллээ. Энэ нь тус жагсаалтын түүхэн дэх сарын дүнгээр хоёр дахь хамгийн огцом уналт боллоо.
Наймдугаар сард бүртгэгдсэн зах зээлийн үнэлгээний 357 тэрбум ам.долларын түүхэн өсөлтийн 75 хувь нь өнгөрсөн сард арчигдсан байна. Энэхүү өсөлт, бууралтын гол хөдөлгөгч хүч нь алтны ханш байжээ.
Макро эдийн засгийн орчин тааруу байгаагаас алтны фьючерс ханш есдүгээр сарын эцэст унц нь 4158 ам.доллар болж, өмнөх сараас зургаа гаруй хувиар буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 3.4 хувиар унасны дараа даваа гарагийн байдлаар үл ялиг сэргэж, унц нь 4153 ам.доллароор арилжаалагдаж байна.
Үүний зэрэгцээ наймдугаар сард зах зээлийн нийт үнэлгээ нь 138 тэрбум ам.доллароор тэлж байсан алт олборлогчид есдүгээр сард энэхүү өсөлтөөсөө 79 тэрбум ам.доллар алджээ. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн 50 компанийн жагсаалтад 15 алт олборлогч багтдаг бөгөөд өнгөрсөн сард эдгээр олборлогч дундаас нэг ч компанийн үнэлгээ өсөөгүй, харин үнэлгээ нь 12.7 хувиар буурсан байна. Тухайлбал: “Newmont” болон “Agnico Eagle”-ийн зах зээлийн үнэлгээ тус тус 10 тэрбум ам.доллароос давсан хэмжээгээр агшжээ.
Алтнаас гадна “Топ 50” компанийн үнэлгээнд хамгийн их нөлөөтэй зэс, төмрийн хүдрийн үнэ есдүгээр сарын эцэст өмнөх сартай бараг ижил түвшинд хаагдсан байна. Төмрийн хүдрийн үнэ тонн нь 100 ам.доллароос доогуур түвшинд хадгалагдаж байгаагаас “Rio Tinto”-ийн хувьцааны ханш өнгөрсөн сард 8.9 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 15.8 тэрбум ам.доллароор буурчээ.
Хэдий тийм боловч зэс олборлогчдын зах зээлийн үнэлгээ 44 тэрбум ам.доллар буюу 7.6 хувиар буурсан нь алт олборлогчдын 12.7 хувийн уналттай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.