
Зургийг: Samuel Corum/Bloomberg
Хиймэл оюуныг өргөн хүрээнд нэвтрүүлснээр Ойрх Дорнод, Хойд Африк, Афганистан, Пакистан болон Кавказ, Төв Азийн орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтийг 0.1-0.6 нэгж хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж Олон Улсын Валютын Сан (ОУВС) тооцооллоо.
Олон Улсын Валютын Сангийн “Ойрх Дорнод ба Төв Азид хиймэл оюуны боломжийг ашиглах нь” тайланд хиймэл оюун бүтээмжийг дээшлүүлж, дунд хугацааны өсөлтийг дэмжихийн зэрэгцээ газрын тос, байгалийн хийн орлогоос хамааралтай эдийн засгуудыг төрөлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолсон байна. Хэдий тийм боловч боломжит өгөөж улс орон бүрд харилцан адилгүй байна.
Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын өсөлтийн өгөөж Кавказ, Төв Азийн орнуудынхаас 1.5 дахин, Ойрх Дорнодын орлого багатай орнуудынхаас хоёр дахин өндөр байж болзошгүй гэж Олон Улсын Валютын Сан тооцоолжээ. Үүнд дижитал дэд бүтэц, мэргэжлийн ажиллах хүч, зохицуулалтын орчин болон дэвшилтэт технологийн хүртээмжийн ялгаа голлон нөлөөлөхөөр байна.
Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувиас давсан буюу нийт 120 тэрбум орчим ам.долларын хиймэл оюуны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зарлажээ. Үүний 44 хувь нь дата төв, 40 хувь нь бусад дэд бүтэц, 13 хувь нь хиймэл оюуны тусгай бүс байгуулахад чиглэж буй.
Харин Кавказ, Төв Азид Азербайжан, Армени, Казахстан дата төв, үүлэн технологи болон бүс нутгийн тооцооллын дэд бүтцэд хөрөнгө оруулж байна. Хиймэл оюуны бэлэн байдлыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэл хэрэгжүүлбэл эдгээр болон бусад хөгжиж буй эдийн засгийн жилийн өсөлтөд 10 жилийн хугацаанд 0.1 нэгж хувь хүртэлх нэмэлт дэмжлэг үзүүлэх боломжтой.
Персийн булангийн орнууд хиймэл оюуны үйлчилгээний экспортоо эрчимтэй нэмэгдүүлж чадвал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн өгөөж суурь төсөөллөөс бараг хоёр дахин өсөхөөр байна. Тухайлбал: экспортын зах зээлд эзлэх хувь нэмэгдсэн хувилбараар Саудын Арабын өгөөж 90 орчим хувь, Арабын Нэгдсэн Эмират Улсынх гуравны хоёр орчмоор нэмэгдэх тооцоо гарсан байна. Гэхдээ дэвшилтэт процессор, хиймэл оюуны загвар болон дата төвийн хүчин чадлын хүртээмж геополитик, экспортын хязгаарлалтаас шалтгаалан муудвал Кавказ, Төв Азийн орнуудын боломжит өсөлтийн өгөөж 40 хүртэлх хувиар буурч болзошгүйг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа.
Хиймэл оюуны эрэлт хүлээлтэд хүрэхгүй бол их хэмжээний хөрөнгө оруулалттай дата төв болон дижитал дэд бүтэц бүрэн ашиглагдахгүй үлдэж, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй. Олон Улсын Валютын Сангийн сөрөг хувилбарын тооцоогоор технологийн хөрөнгө оруулалт буурч, санхүүгийн нөхцөл чангарвал Персийн булангийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнд хоёр жилийн хугацаанд хуримтлагдах сөрөг нөлөө нэг орчим хувьд хүрэхээр байна.
Мөн бүс нутгийн нийт ажлын байрны 30-50 хувь нь хиймэл оюуны нөлөөнд өртөх төлөвтэй байгаа аж. Автоматжуулалт нэмэгдэхийн хэрээр зарим ажил үгүй болох, ур чадварын зөрүү тэлэх, орлогын тэгш бус байдал нэмэгдэх эрсдэлтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэлдэг ажил хиймэл оюунд илүү өртөмтгий байгаа бол анхан шатны ажлын байранд төвлөрдөг залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд илүү хүчтэй дарамт учирч болзошгүй гэж тайланд дурджээ.
Иймд дижитал суурь сайтай орнууд инновацын экосистем, хууль эрх зүйн зохицуулалтаа хөгжүүлэх шаардлагатай бол бэлэн байдал сул орнууд үндсэн дэд бүтэц, боловсрол, хүний капиталын хөрөнгө оруулалтаа түрүүлж нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Олон Улсын Валютын Сан зөвлөсөн байна.
Үүний зэрэгцээ ажилтнуудыг дахин сургах, ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр болон зорилтот нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь хиймэл оюунд тулгуурласан шилжилтийн үр өгөөжийг хүртээмжтэй байлгахад чухал гэж дүгнэжээ.