logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Владимир Путин дахин олон жилийн дайнд бэлтгэж буйг ОХУ-ын төсвийн төлөвлөгөө харуулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 05 09:00
    173

    Зургийг: Alexander Nemenov/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- ОХУ батлан хамгаалахын зардлаа танахын оронд түүхэн дээд түвшинд хүргэж өсгөсөн нь тус улс Украинд явуулж буй дайныг дахиад хэдэн жил үргэлжлүүлэхэд бэлтгэлтэй байгаагийн илрэл боллоо.

    Хэдийгээр энэ дайн ОХУ-ын эдийн засгийн болон улсын төсвийн ачааг улам хүндрүүлэх болсон ч Владимир Путины бодлогын тэргүүлэх чиглэлд гүн бат суусныг төсвийн шинэ төлөвлөгөө нь харуулж байна. Тодруулбал: ОХУ-ын Засгийн газар ирэх оны батлан хамгаалахын төсвийг 17.1 их наяд рубль буюу 205 тэрбум ам.доллар хүргэхээр тооцоолжээ. Энэ нь 2026 онд төлөвлөсөн зардлаас 40 гаруй хувиар, дайн эхлэхийн өмнөх 2021 оны түвшнээс бараг 380 хувиар өндөр үзүүлэлт юм. Харин 2028 онд 16.6 их наяд рубль, 2029 онд 16.3 их наяд рубль болж ялимгүй буурахаар төсөөлжээ.

    unnamed.jpg

    Төсвийн энэхүү өөрчлөлт нь Кремль ердөө жилийн өмнөх төлөвлөгөөнөөсөө эрс ухарсан явдал болж байна. Тухайн үед төсвийн алдагдлыг бууруулж, дайны жилүүдэд дундарсан нөөцөө нөхөхийн тулд батлан хамгаалахын зардлын өсөлтийг сааруулахаар төлөвлөж байв. Харин энэ онд АНУ-ын зуучилсан энхийн хэлэлцээ үндсэндээ зогсонги байдалд орж, ОХУ-ын зааварчилгаатай гэх халдлагууд Европын нутаг дэвсгэрт цөөнгүй гарч, дайтагч талууд харилцан нэгнийхээ эрчим хүчний дэд бүтцэд цохилтоо нэмэгдүүлсэн зэргээр нөхцөл байдал муугаар эргээд буй.

    “Путин мөрийгөө улам өндөрсгөж байна. ОХУ дайнд үргэлжлүүлэн хөрөнгө оруулах дохио өгч байгаа тул Европ Украинд үзүүлж буй дэмжлэгээ энэ түвшинд хэвээр хадгалахад бэлэн эсэхээ шийдэх шаардлагатай” хэмээн Вена хотод төвтэй “Re: Russia” судалгааны байгууллагын тэргүүн Кирилл Рогов онцолжээ.

    Өнгөрсөн пүрэв гарагт Владимир Путин Европын Төрийн тэргүүнүүдийг ОХУ-тай зөрчлөө зориуд хурцатгаж, энэ арваны сүүлээр гарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж байна хэмээн буруутгасан юм. Ингэхдээ Балтын тэнгис дэх цэргийн сургуулилалт болон ОХУ-ын Калининград мужийн талаар Барууны улс төрчдийн хийсэн мэдэгдлүүдийг эш татжээ.

    “ОХУ-д Европ руу довтлох төлөвлөгөө байхгүй ч ОХУ-ын нутаг дэвсгэрт шууд халдсан аливаа тохиолдолд өөрийн мэдэлд байгаа бүх зэвсгийг ашиглах асуудлыг авч үзэхээс аргагүйд хүрнэ” гэдгээ тэрбээр мөн анхааруулж байв.

    Cэтгэгдэл бичих