logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Уур амьсгалын өөрчлөлт хэрхэн Балба улсын түүхэн дэх хамгийн том гамшиг тохиох суурийг тавьсан бэ?
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 24 17:56
    133

    Зургийг: Anadolu/Getty Images

    Эрт сэрэмжлүүлэх ямар ч систем байгалийн энэ том цар хүрээний гамшгийг зогсоож чадахгүй байсныг судлаачид онцолж байна

    Ирэх 11 дүгээр сард Турк улсад зохион байгуулагдах Уур амьсгалын COP31 хурлаар уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнуудын хохирол, алдагдлыг бууруулах, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Уг санхүүжилт яагаад нэн чухал шаардлагатай болсны хамгийн тод жишээ нь Балба улсад тохиосон үерийн гамшиг.

    Наймдугаар сарын 26-нд тус улсад болсон үерийн улмаас 1300 хүний амь эрсдэж, эдийн засагт шууд учирсан хохирол 2.7 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний  6.7 хувьтай тэнцэж байгааг тус улсын Засгийн газрын тооцооолол харуулж байна. Хэдий тийм боловч уур амьсгалын Алдагдал, Хохирлын Сангаар энэ хохирлыг нөхөх боломж тун хязгаарлагдмал байна.

    "Bloomberg TV Mongolia" Балбын үер дэлхийн дулааралтай хэрхэн холбогдож буйг тоон өгөгдөлд тулгуурлан тооцоолж, дүн шинжилгээ хийлээ. Ингэхдээ дэлхийн агаарын температурын нээлттэй өгөгдлийг ашиглан үер эхэлсэн цэгт буюу Гималайн нуруун дахь хэт халалттай өдрүүдийг тоолж, 1961-1990 оны 30 жилийн дундажтай нь харьцуулав.

    Өдрийн хамгийн өндөр температур нь түүхэн дундаж үзүүлэлтийнхээ 90 хувиас давж, тав ба түүнээс дээш хоног дараалан үргэлжилбэл олон улсад үүнийг хэт халалтын давлагаа буюу “heat wave” гэж тодорхойлдог.

    balba.jpg

    Тооцооллын үр дүнд Балба улсын хойд хэсэгт хэт халалттай өдрийн тоо 1961-1990 оны хоорондох жилийн дундажтай харьцуулахад 2020-2025 онд 5.8 дахин өсөж, жилийн 365 өдрийн 171-т хүрсэн байна.Мөн энэ оны эхний найман сарын байдлаар жилийн нийт өдрүүдийн 50 хувь нь хэт халалттай байжээ. Тэр дундаа үер эхлүүлсэн нуранги үүсэхээс өмнөх хоёр сард буюу VII, VIII саруудын нийт өдрүүдийн 87 хувь нь хэт халуун байсан байна.

    "World Weather Attribution"-ийн судлаачид эрт сэрэмжлүүлэх ямар ч систем байгалийн энэ том цар хүрээний үйл явдлыг зогсоож чадахгүй байсныг онцолжээ. Эрт сэрэмжлүүлэг хүний амь насыг аварч, эд хөрөнгийн хохирлыг бууруулах боломжтой ч уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ өөрөө тодорхой хязгаартайг энэ нь харуулж байна.

    Судлаачдын дүгнэснээр Гималайн нуруунд үүссэн чулуу, мөсний томоохон нуранги үер болон хувирахад мөнх цэвдгийн хайлсан ус голлон нөлөөлжээ. Тодруулбал: цэвдгийн ус чулуулгийн ан цаваар нэвтэрч, дотроос нь сулруулснаар тогтвортой байдал нь алдагдсан байна. Дэлхийн дулаарал дээрх үйл явцын эрчийг улам нэмэгдүүлсэн бөгөөд өөрөөр хэлбэл гамшиг тохиоход хүргэсэн хамгийн том хүчин зүйл болсныг судлаачид хэлж байна. 

    Алдагдал хохирлын санг хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хүнд үр дагаврыг даван туулахад нь туслах зорилгоор НҮБ-ын хүрээнд байгуулсан юм. Хэдийгээр тус сангийн удирдах зөвлөлийн гишүүд Балбад болсон гамшиг нь энэ сангийн зорилготой нийцэж байгааг мэдэгдсэн боловч сан хангалттай нөөцгүй, мөн шаардлагатай хэмжээний тусламжийг хурдан үзүүлэх чадавхгүй байгаа юм.

    Сангийн дараагийн Удирдах зөвлөлийн хурал 12 дугаар сард Манила хотод болохоор товлогдсон тул буцалтгүй тусламжийг олгох хүртэл дор хаяж хэдэн сар шаардлагатай хэвээр байна. Түүнчлэн тус сан 822 сая гаруй ам.долларын дүнтэй санхүүжилтийн амлалт авсан боловч өнөөг хүртэл бодитоор төвлөрүүлсэн хөрөнгө нь ойролцоогоор 485 сая ам.доллар байгааг сан болон Дэлхийн Банкнаас нийтэлсэн мэдээлэлд дурджээ. АНУ дэлхийн тусламж болон уур амьсгалын асуудлаарх манлайллаас ухарч байгаа энэ үед ашиглах боломжтой санхүүгийн нөөцийн хэмжээ багассаар байгаа.

    Хэлэлцээ хийгчид Балбад болсон үйл явдалд ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгээ шийдэх ёстой бөгөөд “Хариу арга хэмжээ нь зөвхөн өрөвдөх сэтгэл байж болохгүй” гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх нэн буурай хөгжилтэй орнуудын бүлгийн даргын ахлах зөвлөх Манжит Дахал онцолж байна.

    Cэтгэгдэл бичих