
Хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээгээр Монголын бизнесүүдийн өдөр тутмын шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх зорилготой “ХӨВСГӨЛ AI” технологийн стартап байгуулагдлаа.
Стартапын хамтран үүсгэн байгуулагчид болох Адити Госвами, Б.Бүжинлхам нар Кэмбрижийн их сургуулийн Judge Business School-д хамт суралцаж байхдаа хиймэл оюуныг том корпорацуудаас гадна жижиг, дунд бизнесүүдэд хэрхэн бодит үнэ цэнтэй, хүртээмжтэй болгоход шийдэл хайснаар ХӨВСГӨЛ AI-ийн суурь тавигдаж, улмаар бизнес болон технологийн туршлагатай олон улсын баг бүрджээ.
Монголын ихэнх компаниудын санхүү, борлуулалт, бараа материалын мэдээлэл хэт тархмал буюу санхүүгийн программ, ERP, POS, Excel файлуудад тусдаа хадгалагддаг тул удирдлагуудад бизнесийнхээ үйл ажиллагааг оновчлоход шаардлагатай мэдээлэл олж авахад бэрхшээл тулгардаг. Тэгвэл эдгээр эх үүсвэрийг нэгтгэж, удирдлагад хэрэг болох бүхий л үзүүлэлт, шинжилгээг нэг дэлгэцээс авах боломж бүрдүүлдэг хиймэл оюунд суурилсан хяналтын самбар нь ХӨВСГӨЛ AI-ийн гол бүтээгдэхүүн юм.
Тус платформ нь борлуулалтын явц, бүтээгдэхүүн тус бүрийн ашигт ажиллагаа, нөөцийн илүүдэл болон тасалдлын эрсдэл, багийн гүйцэтгэл, мөнгөн урсгалыг харуулахаас гадна эрэлт, борлуулалтын төлөвийг тооцоолох боломжийг олгоно. Гэхдээ зөвхөн хиймэл оюунаар тоон мэдээлэл харах бус, харин хиймэл оюун ашигласнаар бизнесийн ямар бодит үр дүн гарсныг хэмжих нь гол зорилго болохыг компанийн зүгээс онцолж байна.
ХӨВСГӨЛ AI-ийн шийдлийг нэвтрүүлэхийн тулд байгууллагууд одоо ашиглаж буй системээ бүхэлд нь солих шаардлагагүй бөгөөд ERP, CRM, POS, санхүүгийн программ, Excel-тэй холбон ашиглах боломжтой. Бизнесийн онцлогоос хамааран удирдлагын хяналтын самбарын ихэнх шийдлийг 8-16 долоо хоногт нэвтрүүлэхээр тооцжээ. Түүнчлэн эрэлтийн таамаглал, ашигт ажиллагааны шинжилгээ, давтагддаг ажлын автоматжуулалт болон байгууллагын дотоод мэдээлэлд ажиллах AI туслах хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Компанийн мэдээллийн аюулгүй байдал нь хиймэл оюун нэвтрүүлэх шийдвэрт гол нөлөөлөгч хүчин зүйл болдог тул ХӨВСГӨЛ AI шийдлүүдээ зохистой хамгаалалт, хяналтын бүтэцтэй хөгжүүлэхээр зорьж буй аж.
Төв Ази руу тэмүүлнэ
Хиймэл оюуны хэрэглээ дэлхий даяар нэмэгдэж байгаа ч хөрөнгө оруулалтыг бодит үр дүнд хүргэх нь компаниудын гол сорилт хэвээр байна. McKinsey-ийн 2025 оны судалгаагаар байгууллагуудын 88 хувь нь хиймэл оюуныг дор хаяж нэг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа ч 39 хувь нь ашигт ажиллагаанд бодит нөлөө үзүүлсэн гэж хариулжээ. OECD-ийн мэдээллээр хиймэл оюун ашиглалт 250-иас дээш ажилтантай компанид 40 орчим хувь байгаа бол 50-249 ажилтантай компанид 20.4 хувь, 10-49 ажилтантай компанид 11.9 хувьтай байна.
Тиймээс ХӨВСГӨЛ AI төслийнхөө үр дүнг хиймэл оюуны шийдэл нэвтрүүлсэн эсэхээр бус, хэмнэсэн зардал, автоматжуулсан ажлын цаг, ашигт ажиллагааны өөрчлөлт болон шийдвэр гаргалтын хурд зэрэг хэмжигдэхүйц үзүүлэлтээр үнэлэхээр төлөвлөж байгаагаа тодотгосон юм.
Цаашид тус компани үйл ажиллагаагаа Монголын зах зээлээс тэлж, Төв Азид өргөжүүлэхээр зорьж буй. Мөн Кэмбрижийн эко систем болон олон улсын сүлжээнд тулгуурлан бизнесээ хөгжүүлж, ирэх таван жилд хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани болох урт хугацааны зорилт тавьжээ. Зах зээлд нэвтрэх эхний алхам болгож ХӨВСГӨЛ AI бизнесийн асуудлыг өгөгдөл болон хиймэл оюунаар шийдвэрлэх боломжийг тодорхойлох 45 минутын анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй санал болгож байгаа аж.
Бизнес уулзалтын цаг товлохыг хүсвэл khuvsgulai.com веб хуудсаар зочлоорой.