logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын хиймэл оюуны ирээдүй том хотуудаас холдож, баруун зүг рүү тэмүүлж байна
    Bloomberg News
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 09 18:37
    1

    Зургийг: Dan Murtaugh/Bloomberg

    Bloomberg -- Ногоон толгодын дундах Улаанцав хотыг хэн ч хараад технологийн зангилаа төв гэхээргүй.

    Хэдий тийм боловч Өвөр Монголын 2 сая хүрэхгүй хүн амтай даруухан энэ хот тооцооллын хүчин чадлаа шилжүүлэн байршуулах БНХАУ-ын хүчин чармайлтын тэргүүн эгнээнд залрах болжээ. Тус улс хиймэл оюуны дэд бүтцийг түм түжигнэсэн зүүн эргийн мега хотуудаасаа холдуулж, газар нутгаар баян, өртөг багатай ногоон эрчим хүчний эх үүсвэр элбэгтэй баруун бүс нутаг руу шилжүүлэх бодлого баримталж буй.

    Бээжингээс баруун хойшоо 350 км зайд орших Улаанцавын зүүн захын хороололд очвол дээр дурдсан шилжилтийн цар хүрээ хэр том болохыг нүдээр үзнэ. Баасан гаргийн цайны цагаар дата төвийн барилгын талбайнуудаас ажилчид үерлэн гарч ойр орчмын замуудын уулзварыг дүүргэнэ. Хамгаалалтын каск, аюулгүйн шар хантаазаар ижилсэж, өмд гутал нь тоосонд дарагдсан тэд хямд хоол, шар айраг, тамхи зардаг явуулын мухлагууд руу яарч буй нь тэр байлаа.

    “Өдөр болгон ажилчид хэдэн зуугаараа ирдэг. Урсгал нь хэзээ ч зогсдоггүй” хэмээн гэрийнхнийхээ хамт тэнд тахианы мах, өндөг, дүфүний хальстай зууш хийж 10 юаниар зардаг Ин овогт эмэгтэй хэлж байв.

    2022 оноос эхэлсэн Бээжингийн технологийн шилжилт өдгөө шинэ төслүүдийн байршилд хэдийнээ нөлөөлж эхэлсэн байна. Албан ёсоор уг төлөвлөгөөт ажлыг “dongshu xisuan” буюу “Өгөгдлийг дорно зүгт, тооцооллыг өрнө зүгт” хэмээн нэрлэдэг. BloombergNEF-ийн мягмар гарагт нийтэлсэн шинэ судалгаагаар БНХАУ-д төлөвлөгөөнд орсон дата төвийн төслүүдийн талаас илүү хувь нь улсын хойд болон баруун хойд бүсэд төвлөрч байна. Үүнд мэдээж Улаанцав хот болон Өвөр Монголын Өөртөө Засах Орон багтана.

    BNEF-ийн судалгаагаар 2028 он гэхэд тус бүс нутаг Бээжин, Шанхай болон бусад хотожсон хөгжингүй бүсүүдийг гүйцэж, БНХАУ-ын тооцоолох хүчин чадлын хамгийн том төв болох төлөвтэй.

    China_data_center_geography_MN_2048x1128.jpg

    DeepSeek, Z.AI тэргүүтэй БНХАУ-ын хиймэл оюуны салбарын анхдагчид ӨМӨЗО-д нэг гигаваттаас дээш хүчин чадалтай аварга дата төвүүд байгуулж, хиймэл оюуны хөгжүүлэлтээ эрчим хүчээр хангах дэд бүтэцтэй болохоор яаравчилж байна.

    “Одоогоор ашиглалтад орсон дата төвийн хүчин чадал нь харьцангуй бага ч БНХАУ-ын хойд болон баруун хойд бүс шинэ төслүүдийн гол зангилаа болон гарч ирж байна” гэж BNEF-ийн шинжээчид тайландаа бичжээ. “Цахилгаан эрчим хүчний зардал бага, уур амьсгал сэрүүн, газар олдоцтой байдаг нь төсөл хөгжүүлэгчдийг эдгээр бүс рүү татаж байна” хэмээн онцолсон байна.

    BNEF-ийн тооцоолсноор БНХАУ ирэх таван жилд дата төвүүддээ ашиглаж буй тооцооллын тоног төхөөрөмжийн хүчин чадлыг багадаа хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй. Мөн дата төвүүдийнх нь эрчим хүчний нийт хэрэглээ 2030 он гэхэд 151 хувиар өсөж 329 тераватт цаг хүрэх бөгөөд энэ нь улсын хэмжээн дэх нийт хэрэглээний 2.4 хувийг эзлэхээр байна.

    Сүлжээний холболт, газрын зөвшөөрөл, эрчим хүчний хүртээмж зэрэг үзүүлэлтийг харгалзан гаргасан дата төвийн өрсөлдөх чадварын эрэмбийг одоогоор Хөх мөрний сав газар тэргүүлж буй. Гэхдээ эрчим хүчний өндөр өртөг болон хэрэглээний хязгаарлалтын улмаас тус бүсийн дата төвийн хүчин чадлын өсөх орон зай цаашид хумигдахаар байна.

    Дата төвүүд баригдахаас өмнө Улаанцав нь Бээжингийн зуны бүгчим халуунаас түр холдохын тулд зорьдог газар гэдгээрээ танигдсан байв. Очсон жуулчид монгол гэрт амарч, морь унаж, Ангараг гарагийн гадаргыг санагдуулам унтарсан галт уулсыг үзэж сонирхдог.

    Харин өнөөдөр Улаанцав технологийн үсрэнгүй хөгжлийн хот болжээ. Барилгын талбайнууд дээр хөнгөн цагаан хийц, ган арматур, модон материалууд дүүрэн өрөөстэй. Өдгөө тус хотын өнгө төрхийг кранууд л тодорхойлж байгаа гэвэл хилсдэхгүй. 

    “Цахар” нэртэй технологийн аварга том парк тэнд бий. Паркийн өргөн чөлөөнүүдийг “Apple”, “Huawei” зэрэг дэлхийн томоохон технологийн компаниудын нэрээр нэрлэсэн нь Улаанцавын амбицыг илтгэнэ.

    БНХАУ-аас үндэсний хэмжээний тооцооллын зангилаа төвөөр тодорхойлсон найман бүсийн нэг нь Өвөр Монгол юм. Бусад нь Бээжин, Шанхай, Гуанжоугийн далайн эргийн бүс, төвийн Чэндү-Чунчин бүс, баруун өмнөдийн Гүйжөү, баруун хойдын Ганьсү болон Ниншя багтаж байна.

    Энэхүү бодлого нь нэг талаас газар нутгийнхаа нөөц бололцоог ашиглах зорилготой. Бээжингийн төлөвлөснөөр бол жолоочгүй автомашин зэрэг өгөгдөл дамжуулахад хормын ч саатал гарах ёсгүй тооцооллыг зүүн бүсийн хотууд боловсруулна. Харин үүлэн сервер, хиймэл оюуны загвар сургах зэрэг хэрэглэгчдээс хол гүйцэтгэх боломжтой ажлуудыг баруун бүс рүү шилжүүлэх юм.

    Харин нөгөө талаас эрчим хүчний салбарт асуудал болж буй илүүдэл нийлүүлэлтийг ашиглах зорилготой. БНХАУ-ын зарим нутагт эрчим хүчний хангамж хязгаарлагдсанаар цахилгааны шугам сүлжээ байгуулах ажил дата төв барихаас ч удаан үргэлжилж байна. Харин байнга нар гийж, салхи үлээж байдаг, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй баруун бүс хэрэглээнээсээ илүү цахилгаан үйлдвэрлэдэг. Ингэснээр эрчим хүч ихээр хэрэглэдэг сервер болон бусад тоног төхөөрөмжийг ажиллуулах сул хүчин чадал бий болгох юм.

    Cэтгэгдэл бичих