
Зургийг: Bloomberg
Bloomberg -- “Rio Tinto” групп Австралийн зүүн хойд хэсэгт орших “Aurukun” бокситын төслийг “Glencore” болон “Mitsubishi Development” компаниудаас худалдан авахаар тохиролцсоноо мэдэгдлээ.
“Хэлцлийн үнийн дүнг нийтэд мэдээлэхгүй бөгөөд худалдан авалтыг эцэслэхэд Квинсленд мужийн Засгийн газар болон Австралийн холбогдох бусад зохицуулах байгууллагын зөвшөөрөл шаардлагатай” гэж “Rio Tinto”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
“Aurukun” төсөл одоогоор ашигт малтмалын ордыг хөгжүүлэх тусгай зөвшөөрөлтэй боловч олборлолтын зөвшөөрлөө хараахан аваагүй байгааг мэдэгдэлд дурдсан. Тус төсөл нь Кейп-Йорк хойгийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулж буй “Rio Tinto”-ийн бокситын уурхайнуудын ойролцоо байрладаг.
Тус компани одоо ашиглаж буй уурхайнуудынхаа бокситын хүдрийг боловсруулж, хөнгөн цагааны исэл гарган авсны дараа металл хөнгөн цагаан үйлдвэрлэх хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг.
Тус компани Австралийн умард нутаг дэвсгэр дэх “Gove” бокситын уурхайн үйл ажиллагаагаа 2030 оны эцэс гэхэд зогсоохоор төлөвлөж буй үед энэхүү худалдан авалтыг хийхээр болж байна. Харин Квинсленд муж дахь “East Weipa” уурхайн олборлолтыг 2024 онд зогсоосон юм.
Үүнээс гадна Хятадын төрийн дэмжлэгтэй “China Mineral Resources Group”-ийн “Rio Tinto”-той хийж буй гэрээний хэлэлцээ шийдвэрлэх шатандаа орж байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын төмрийн хүдэр худалдан авагч зарим гангийн үйлдвэрт тус компанийн “Pilbara Blend” бүтээгдэхүүнийг худалдан авахаа түр азнах чиглэлийг Бээжингээс өгсөн талаар дотоод эх сурвалжууд мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд “Rio Tinto”-ийн орлогын бараг 60 хувийг БНХАУ бүрдүүлсэн ба Хятадын “Aluminum Corporation of China” тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Мөн “Rio Tinto” Гвинейн төмрийн хүдрийн Симанду төсөлд Хятадын компаниудтай хамтран ажиллаж байна.