logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тодотгол 2026: Зарлагаа өсгөж, алдагдлаа тэлээд иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадах уу?
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 07 17:20
    139

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Засгийн газар зарлагаа нэмэгдүүлж, алдагдлыг бараг хоёр дахин тэлэхээр төлөвлөсөн 2026 оны төсвийн тодотголыг УИХ ээлжит бус хурлаараа хэлэлцэж эхэллээ.

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс гаргасан дүгнэлтүүдэд 2026 оны төсвийн тодотголын төсөл нь иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах зорилготой ч нөгөө талд инфляцыг улам өдөөж, цаашид эдийн засгийн хүндрэлд хариу арга хэмжээ авах төсвийн боломжийг хумих эрсдэлтэйг анхааруулсан байна. 

    VIII сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн төслөөр нэгдсэн төсвийн нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 34 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан байна. Харин тэнцвэржүүлсэн орлого өөрчлөгдөхгүй тул төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.05 их наядаас 2 их наяд төгрөг болж, ДНБ-ий 1 хувиас 2 хувьд хүрэхээр байгаа юм.

    Зарлагын бүтэц мөн хөрөнгө оруулалтаас урсгал зардал руу шилжиж байна. Тухайлбал, урсгал зардлыг 1.152 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх бол хөрөнгийн зардлыг 154.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ.

    Засгийн газар энэхүү тодотголоор иргэдийн амьжиргаанд ирэх дарамтыг бууруулж, хүнс, эрчим хүчний хангамжийг тогтворжуулахыг зорьж буй. Гэвч ТТБЗ-ийн дүгнэлтэд дурдсанаар инфляц 13 хувьд хүрсэн үед цалингийн зардлыг нэмэгдүүлэх нь нийлүүлэлтийг сайжруулах арга хэмжээ үр дүнгээ өгөхөөс өмнө эрэлтийг өдөөх эрсдэлтэй байна.

    Урсгал зардлын цэвэр өсөлтийн 697 тэрбум төгрөг нь цалинд ногдож байгаа бөгөөд хүнс, шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтийг дэмжих ажлууд удааширвал бодлогын үр дүн эсрэгээр эргэж болзошгүйг анхааруулжээ. ННФ-ын зөвлөмжид ч мөн цалин, тэтгэврийг огцом нэмэгдүүлэх нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэйг онцолсон байна.

    unnamed.jpg

    Тодотголын хүрээнд 1.4 их наяд орчим төгрөгийн зардлыг танаж, тэргүүлэх чиглэлүүдэд шилжүүлэн зарцуулахаар ЗГ танилцуулсан ч дахин хуваарилалт нь нийт зардлыг бууруулсан гэсэн үг биш. ТТБЗ-ийн тооцоогоор уг хэмнэлтийн 52.6 хувь нь нийслэлийн бондын эх үүсвэрт ногдож байна. Үүний зэрэгцээ урсгал зардал ДНБ-ий 25.4 хувьд хүрэхээр байгаа нь анхны төсөвт дэвшүүлсэн 24 хувьд хязгаарлах бодлоготой зөрчилдөж буйг тэмдэглэжээ. 

    Өөрөөр хэлбэл бодит хэмнэлт бий болгохын тулд Excel-ийн мөрүүд хооронд мөнгө шилжүүлэх бус, төрийн бүтэц, чиг үүрэг, тогтмол зардлыг эргэн харах шаардлагатай байна.

    Өсөн нэмэгдэх зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр ч эрсдэл дагуулж байна. Татварын орлогын төсөөллийг 1.02 их наяд төгрөгөөр бууруулж, зөрүүг голчлон төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ногдол ашгийн орлогоор нөхөхөөр төлөвлөжээ. Энэ нь төсвийн орлогыг уул уурхайн салбарын ашигт ажиллагаанаас улам хамааралтай болгохыг ТТБЗ анхааруулсан байна. Мөн Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах дээд хэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасныг ННФ шүүмжилж, зээлээр төсвийн тэлэлтийг санхүүжүүлэхгүй байхыг зөвлөжээ.

    Дээрх дүгнэлтүүдэд иргэдийн амьжиргааг хамгаалах хэрэгцээг үгүйсгээгүй ч урсгал зардлыг нэмэгдүүлэх нь тогтвортой шийдэл мөн эсэхэд эргэлзсэн байна. Харин зардлын өсөлтийг хязгаарлах, цалинг бүтээмжтэй уялдуулах, хувийн хэвшлийг дэмжихийг зөвлөжээ.

    Түүнчлэн тодотголыг батлахаас өмнө инфляц, мөнгөний нийлүүлэлт, зээлийн нөхцөлд үзүүлэх нөлөөллийн талаарх Монголбанкны үнэлгээг нээлттэй хэлэлцэхийг ННФ-аас санал болгожээ. Эс бөгөөс үнийн өсөлтийг нөхөхөөр төсвөө тэлж, тэр нь инфляцыг дахин өдөөн, улмаар зардлаа ахин нэмэх дарамт үүсгэдэг "чөтгөрийн" тойргоос гарахад улам хүндрэлтэй болох юм.

    Cэтгэгдэл бичих