
Зургийг: Засгийн газар
УИХ ээлжит бусаар хуралдаж эхэллээ. Ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн мэдүүлсэн. Эдгээр нь зөвхөн төсвийн тодотголд хамаарах зохицуулалтын шинжтэй өөрчлөлт бус, харин төсвийн тусгай шаардлага, тогтвортой байдал, цаашдын төсөв бүрдүүлэх механизмыг үндсээр нь өөрчлөх суурь зарчмын асуудлууд тул нухацтай хандах шаардлагатайг УИХ-ын дарга С.Бямбацогт нээлтийн үгэндээ онцоллоо.
Мөн төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой. Цалин тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцад үзүүлэх сөрөг нөлөөлөл, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтойгоо нягт уялдуулах шаардлагатайг тэрээр тодотгов.
Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. 2026 онд орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээж, үүнтэй уялдуулан төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасныг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав.
Энэ хүрээнд хүнс, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, эрчим хүчний засвар үйлчилгээ тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ. Мөн боловсролын салбарт дутагдсан цалингийн зардал болох 674 тэрбум төгрөгийг нөхөх, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээний салбарынхны цалинг XI сараас 20-50 хувиар, ахмад настнуудын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тусгажээ.
Иргэдийн амьжиргааг үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн бүтээгдэхүүнүүдийн нөөц бүрдүүлэхэд чиглэж төсвийн тодотголын зорилго нь зөв ч үүний зэрэгцээ цалин тэтгэвэр нэмэх нь эрэлтийг нэмэгдүүлнэ. Нөгөө талдаа нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээ хангалтгүй бол үнийн өсөлтийг улам өдөөх эрсдэлтэй. Иймд төрийн зардлыг бодитоор бууруулж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлого чухал байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулсан юм.