
Зургийг: Bloomberg
Bloomberg -- БНСУ-ын воны ханш даваа гарагт сүүлийн хоёр жил орчмын дээд түвшиндээ хүрч чангарлаа. Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцааны өсөлт болон тус улсын жишиг хувьцааны индекст орох гадаадын хөрөнгө оруулалтын урсгал өндөр байгаа нь өсөлтөд голлон нөлөөлж байна.
Воны ханш ам.долларын эсрэг 1.3 хүртэлх хувиар чангарч 1334.70 нэгж болсон нь 2024 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Мөн ханшийн өсөлтийн эрчийг хэмждэг Харьцангуй хүчний индекс 2013 оноос хойших дээд түвшинд хүрсэн нь воны одоогийн өсөлт маш хурдтай байгааг харууллаа.
Шинэ долоо хоногийн эхэнд чип үйлдвэрлэгч Samsung Electronics болон SK Hynix компаниудын хувьцаа өсөлтөөрөө зах зээлд тэргүүлж байна. Биржийн мэдээллээс харвал даваа гарагт гадаадын хөрөнгө оруулагчид Kospi индексийн сагсанд багтдаг БНСУ-ын хувьцаанаас цэвэр дүнгээр 800 тэрбум гаруй вон буюу 598 сая ам.долларын худалдан авалт хийжээ.
БНСУ-ын компаниудад хөрөнгө оруулах эрэлт өндөр хэвээр байвал воны ханшид цаашид ч дэмжлэг үзүүлэх боломжтой. Гэхдээ ханшийн одоогийн хурдацтай өсөлтийг тогтвортой хадгалахад хүндрэлтэй байж магадгүйг шинжээчид онцолж байна. Дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш эрчтэй чангарснаар жижиг хөрөнгө оруулагчдын сонирхол гадаадын хувьцаанууд руу чиглэхэд түлхэц болох магадлалтайг Bank of New York Mellon-ий ахлах стратегич Жеффри Ю бичжээ.