
Зургийг: Э.Тэнгис
Хэрэглэгчдийн эдийн засгийн ойрын хүлээлт гутранги болж буйг NRCC-ийн хэрэглэгчдийн итгэлийн индексийн утга харуулж байна.
Энэ оны II улирлын судалгаагаар хэрэглэгчдийн итгэлийн индекс 90.6 буюу өмнөх улирлаас 16.6 пунктээр, жилийн өмнөхөөс 8.3 пунктээр буурсан байна. Үүнээс хэрэглэгчдийн ирээдүйн хүлээлтийн индекс өмнөх улирлаас 22.8 пунктээр эрс буурчээ.
Өнөөгийн байдлын хувьд хэрэглэгчдийн 50-иас илүү хувь нь “Бизнесийн нөхцөл муу байна” гэж үнэлсэн бол дөнгөж 7.6 хувь нь “Сайн” үнэлгээ өгсөн байна. Харин 41.3 хувь нь “Хэвийн” гэж үнэлжээ.
Судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 16.1 хувь нь “Ойрын ирээдүйд ажлын олдоц муу байна” гэсэн хүлээлттэй байсан бол 11 хувь нь “Орлого өсөхгүй” гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь өмнөх улирлаас 1.8 пунктээр өссөн дүн юм. Харин 67.6 хувь нь “Хэвийн”, 20.5 хувь нь “Сайн” үнэлгээ өгчээ.
Үүнээс гадна Монголбанкны I улирлын бизнесийн төлөвийн түүвэр судалгаагаар эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт агшилтын мужид хэвээр хадгалагдаж, эдийн засгийн тодорхой бус байдлын үзүүлэлт нэмэгдсэн байна. Салбарын болон хэрэглэгчийн бүх үзүүлэлтүүд муудсан нь эдийн засгийн идэвхжил, эдийн засгийн төлөвийн талаарх хүлээлт сул байгааг илэрхийлж буйг танилцууллаа.