
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Түүний гэр бүлийнхний удирдсан дарангуйллын дэглэм 2022-2025 оны хооронд гадаад эх үүсвэрээс 22 тэрбум гаруй ам.долларын орлого олсныг Bloomberg Economics улсуудын худалдааны статистик, тагнуулын мэдээлэл болон орлогын гол эх үүсвэрүүдийнх нь талаарх хөндлөнгийн судалгаанд үндэслэн тооцоолжээ.
Гол нь Ким энэ бүхнийг өөрийн эцэг, өвөөгийнх нь дэглэмийг тэтгэж байсан гадаадын олон тэрбумын тусламжгүйгээр хийж чадсан байна. Өдгөө Пёньян хотод бүтээн байгуулалт ид өрнөж, урьд нь хоосон шахуу байдаг байсан гудамжууд Хятадад үйлдвэрлэгдсэн хувийн автомашинуудаар дүүрчээ. Мөн Кимийн ард иргэддээ толилуулдаг зэвсгүүд улам боловсронгуй болсны дунд орчин үеийн хоёр ч байлдааны хөлөг багтаж байна.
БНАСАУ сүүлийн 35 жилийн түүхэн дэх хамгийн хүчирхэг үе дээрээ ирээд байгааг Солонгос судлаач, “Korea Risk Group” зөвлөх компанийн захирал Андрей Ланков онцолж байна. ОХУ-д зэвсэг борлуулж олсон орлого нь “сугалаанд хожсон мэт” азтай тохиол байсан бол БНХАУ-аас авах болсон дэмжлэг нь “байнгын тэтгэвэр”-т гарсантай агаар нэг болохыг тэрбээр нэмж дурджээ.
БНАСАУ эдийн засгийн тоо мэдээллээ нийтэлдэггүй. Ким Жон Уны захиргаа хууль бус худалдаагаа нуун далдлах арга хэмжээ авдаг тул орлогын тооцоолол нь бодит дүнгээс их эсвэл бага байх боломжтой. Мөн олон улсын банкны системээс тусгаарлагдсан учраас орлогын ихээхэн хэсэг нь БНАСАУ-ын хилийн гадна үлддэг. Тиймээс зарим төлбөрийг бараа бүтээгдэхүүн болон технологи хэлбэрээр шилжүүлэн авдаг байх магадлалтай аж.
Ямартаа ч дээрх тооцоолол нь БНАСАУ валют хуурамчаар үйлдэх, тамхи хууль бусаар худалдах зэрэг хориг тойрох түр зуурын арга хэрэгслүүдээс илүү өндөр ашигтай үйл ажиллагаанд шилжсэнийг харуулж байна. Үр дүнд нь Умард Солонгос илүү баяжиж, дэлхий дахинд учруулах аюул нь нэмэгдэх бололцоотой болжээ.
Ким Жон Уны эдийн засгийн тэсрэлт нь нөхцөл байдал хэрхэн эрс өөрчлөгдсөний илрэл болж байна. Ердөө долоон жилийн өмнө тэрбээр цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд НҮБ-аас тавьсан хоригийг зөөлрүүлэх хүлээлт өндөртэй хэлэлцээр хийсэн ч талаар болж, доромжлогдсон Дональд Трамп Ханойн уулзалтаас гар хоосон буцаж байлаа.
Үүний дараах жилүүдэд хүндрэл улам гүнзгийрсэн. Ургац алдсаны уршгаар дотоодод нь өлсгөсөн нүүрлэж, цар тахлын үеэр хилээ хаасан нь гол түнш БНХАУ-тай хийх худалдааг тасалдуулсан юм. 2020 онд ард түмэндээ хандан үг хэлэхдээ Ким эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хангалттай түвшинд даван туулж чадаагүйдээ уучлал хүсэж, нулимс унагасан ховорхон дүр зургийг бид харсан билээ.
Харин 2022 онд Владимир Путин Украинд цэрэг оруулснаар нөхцөл байдал эргэв. Энэ нь Кимд санаанд оромгүй том гарц нээж өгсөн байна.
Оросын зэвсэг, сумны нөөц хурдацтай багассанаар Кремль Зөвлөлтийн үед их бууны сум нийлүүлдэг байсан эртний анд Пёньянд ханджээ. Ингэснээр БНАСАУ-ын дотоодын зэвсгийн нөөц үнэ цэнтэй хөрөнгө болж, Ким үүнийг бэлэн мөнгө, хүнсний тусламж болон дэвшилтэт цэргийн технологиор солих боломжтой болсон байна.
2025 оны эцсийн байдлаар Умард Солонгос ОХУ-ын өргөн хэрэглэдэг 122 болон 152 миллиметрийн сумны хэрэгцээний 50 хүртэлх хувийг нийлүүлснийг Украины тагнуулын байгууллага тооцоолжээ. Ким Жон Ун сум, зэвсгийн нийлүүлэлтээс гадна фронт руу 16-22 мянган солонгос цэрэг илгээсэн бөгөөд байлдагч тутамд сард 2000 орчим ам.долларын хөлс авсан болохыг БНСУ болон Стратеги, олон улсын судалгааны төв тооцоолсон байна.
БНСУ-ын Төв банкны тооцоолсноор БНАСАУ-ын эдийн засаг 2025 онд 3.5 хувиар өсжээ. Ингэснээр эдийн засаг нь гурав дахь жилдээ дараалан тэлсэн ч 2024 оныхоос ялимгүй саарсан байна. Харин 2024 он нь БНАСАУ-ын хувьд олон улсын хориг чангарснаас хойших хамгийн өндөр өсөлттэй жил байсан юм.
Москватай харилцаа нь гүнзгийрэхтэй зэрэгцэн тус улсын БНХАУ-тай хийх харилцаа нь хэдэн жилийн турш хөндийрсөн байна. Бээжин ч энэ өөрчлөлтийг тоолгүй өнгөрөөсөнгүй бололтой. Өнгөрсөн есдүгээр сард Бээжинд болсон цэргийн парадын үеэр Ким Жон Ун Ши Жиньпин болон Владимир Путин нарын дэргэд зогсож, цөмийн зэвсэгтэй гурвалын дотно нөхөрлөлийг дэлхий дахинд толилуулсан юм.
Улс орны хөрөнгө нэмэгдсэний өгөөж хишиг нь өдгөө ч дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэвээр байгаа БНАСАУ-ын хотууд, хөдөө нутгуудад очиж эхэлсэн шинжтэй.
Зургаадугаар сард тус улсын БНХАУ-тай хийсэн худалдааны эргэлт хориг арга хэмжээ тогтоосноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал БНАСАУ-ын зөвхөн спорт, амралт зугаалгын зориулалттай бараа бүтээгдэхүүний импорт тухайн сард 1.2 сая ам.доллароор хэмжигдсэн байна.
Төрийн хэвлэлүүдийнх нь мэдээлснээр улс даяар сар бүр шинэ орон сууцнууд ашиглалтад орж байна. Нийслэл Пёньяны оршин суугчид улс доторх хаалттай сүлжээнд ажилладаг аппликэйшнээр хүнсээ цуглуулах, такси дуудах боломжтой болжээ. 2012 оноос хойш Пёньянд хэд хэдэн удаа аялсан Young Pioneer Tours компанийн Роуэн Бэрд “Тавдугаар сард очиход ухаалаг гар утасны хэрэглээ үнэхээр огцом нэмэгдсэн байсан” хэмээн дурссан байна.
Урьд нь БНАСАУ-ын удирдагчид цөмийн зэвсгийн хөгжүүлэлтэд тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн тул ердийн зэвсэгт хүчин нь маш хоцрогдмол, бараг Зөвлөлтийн үеийн технологийн түвшинд байв. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн шинжтэй.
БНАСАУ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус бүр 5000 тоннын даацтай хоёр сөнөөгч хөлөг танилцуулсан нь тус улсын зэвсэглэл дэх бүх цаг үеийн хамгийн том хөлгүүд болжээ. Хоёр хөлгийн нэг нь 20 сая орчим ам.долларын үнэтэй Оросын “Панцир-М” агаарын довтолгооноос хамгаалах системээр тоноглогдсон байх магадлалтай аж.
Үүнээс гадна Ким Жон Ун дипломат харилцаагаа өргөжүүлж, ОХУ-аас хэт хамааралтай байдлаа бууруулахыг зорьж байгаа шинжтэй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Сингапур, Индонез, Беларусь болон Вьетнамын өндөр түвшний төлөөлөгчид Пёньянд айлчилжээ.
Өмнө нь Өрнөдийн орнуудын хувьд ганцаардмал улсын “болдоггүй” дарангуйлагч байсан Ким Жон Ун өдгөө улам хүчирхэгжсээр байгаа цөмийн гүрний бодлоготой, тэсвэртэй удирдагч болон гарч ирж байна.
БНАСАУ одоо бол АНУ, БНСУ-тай яаралтай хэлэлцээ хийх шаардлагагүй болсон. Ялангуяа хамгийн үнэ цэнтэй хөрөнгө гэж үздэг цөмийн зэвсгийнхээ асуудлаар тохиролцоонд хүрэх сонирхолгүй болсныг “Стимсон” төвийн ахлах судлаач, БНАСАУ-ын шинжээч Женни Таун онцолжээ.
“Пёньян удаан үргэлжилсэн хориг арга хэмжээнд дасан зохицох чадвартайгаа харууллаа. Мөн олон улсын эрх зүй, тогтсон хэм хэмжээ суларч буй энэ үед хамтдаа эсэргүүцэх нөхөдтэй болсон байна” хэмээн тэрбээр хэлсэн юм.