
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-д хүнсний ногооны худалдаачид байцайг шинээр нь удаан хадгалахын тулд формальдегид ашиглаж байсан нь илэрсний дараа БНСУ тус улсаас импортолж буй байцайнд тавих гаалийн хяналт, шалгалтаа чангатгахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал: БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам БНХАУ-аас ирж буй хүнсний ногоонд нарийн шалгалт явуулахын зэрэгцээ химийн бодистой бүтээгдэхүүн хилээр хэдийн нэвтэрсэн эсэхийг мөшгөж, шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээ авахаа мэдээлжээ.
Байцай нь солонгосчуудын өдөр тутмын хүнсний салшгүй хэсэг болсон кимчиний үндсэн орц юм.
Ажилчид байцайг удаан хадгалж, шинэ мэт харагдуулахын тулд формальдегид хэмээх химийн бодист дүрээд автомашинд ачиж буйг харуулсан бичлэг цахим орчинд тархсаны дараа БНХАУ-ын эрх баригчид дотооддоо өргөн хүрээний шалгалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж. БНХАУ-ын хойд нутгийн Хэбэй мужийн Канбао тойрогт хийгдсэн тэрхүү бичлэг жинхэнэ болохыг одоогоор тогтоогоод байгаа аж.
Формальдегидийг үйлдвэрлэлийн төрөл бүрийн зориулалтаар ашиглахын сацуу моргт цогцос хадгалахад мөн ашигладаг байна.
"Хууль, журам зөрчсөн аливаа үйлдлийг илрүүлсэн тохиолдолд үл тэвчих зарчмаар хатуу шийтгэнэ" гэж БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газар мэдэгдэлдээ дурджээ.