
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын эрчим хүчний эрэлт 2050 он гэхэд 5.4 дахин өсөх төлөвтэй байна. Иймд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд салбарын яамнаас Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн 2026-2050 оны стратегийн баримт бичгийн төслийг танилцууллаа.
Одоогоор улсын хэмжээнд суурилагдсан хүчин чадал 1936 МВт байгаа бол 2050 он гэхэд 23,280 орчим МВт-д хүргэх зорилт тавьсан. Ингэхдээ цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нийт цахилгаан үйлдвэрлэлийн 53.4 хувьд хүргэх, импортын хамаарлыг тэг болгох зорилт дэвшүүлээд байгаа юм.
Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд жилд дунджаар 818 МВт эх үүсвэр барих шаардлагатай буюу өнөөгийн хурднаас 12-17 дахин их хурдтай ажиллах шаардлага үүсэж байгааг онцолж байна.
Стратегийн баримт бичигт эрчим хүчний шилжилтийг гурван үе шаттай хийхээр төлөвлөжээ. Үүнээс эхний үе шатанд 2030 он хүртэл хүчин чадлаа нэмэх, импортын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийн нөөц бүрдүүлнэ. Хоёрдугаар үе шатанд 2040 он хүртэл Эгийн голын усан цахилгаан станц зэрэг эх үүсвэр ашиглалтад оруулж, 2035 оноос эрчим хүчний экспортын эхний коридорыг нээнэ. Гуравдугаар шатанд цөмийн болон устөрөгчийн эх үүсвэр ашиглалтад оруулснаар эх үүсвэрийн бүтэц бүрэн төрөлжихөөр төлөвлөжээ.
Үүнд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээг эх үүсвэр, сүлжээ, дулааны хувьд тооцоход 44.8 тэрбум ам.доллар, үүн дээр түгээх сүлжээ, эрэлтийн талын арга хэмжээг нэмбэл 58-73 тэрбум ам.доллар болох тооцоолол гарсан байна. Энэ нь жилд дунджаар 1.8 тэрбум ам.доллар буюу урт хугацааны дотоодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувьтай тэнцэх дүн болохоор байгааг тодотголоо.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын дулааны дутагдал 1121 МВт-д хүрээд байгаа юм. Цахилгааны импорт жилийн дүнгээр нийт эрчим хүчний хангамжийн дөрөвний нэгд хүрсэн бөгөөд нийт цахилгаан үйлдвэрлэлийн 7.2 хувийг цэвэр эрчим хүчээр хангаж байна.