
Зургийг: Oyu Tolgoi
Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйг зөвхөн олборлож буй ашигт малтмалын хэмжээгээр бус, нөхөн сэргээгдсэн газар нутаг, эко систем болон орон нутгийн иргэдийн амьдралын чанараар хэмжих ёстойг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулсан форумд оролцсон уул уурхайн салбарын Төр, хувийн хэвшлийн тэргүүлэгчид онцолж, газрын тогтвортой байдлыг хангахын төлөө хэрхэн хувь нэмэр оруулахаа хэлэлцлээ.
Энэ үеэр “Rio Tinto”, “Эрдэнэс Оюу Толгой”, “Оюу Толгой” компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарлав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэн, биологийн олон янз байдал, эко системийн тэсвэртэй байдал, нүүрстөрөгчийн шингээлтийн боломжууд болон орон нутгийн иргэдэд чиглэсэн үр өгөөжийг нэмэгдүүлэх илүү өргөн хүрээний газрын нөхөн сэргээлтийн цогц хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорьж буйгаа “Оюу Толгой” компани тодотголоо.
Тус компанийн санаачилсан "100 сая мод өвлүүлэн үлдээе" санаачилга нь тав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 2030 он хүртэл үргэлжилнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2026 оны эцэс гэхэд 10.9 сая мод бодитоор тарьж ургуулах, техникийн нөхөн сэргээлттэй нийлээд нийт 49 сая модыг бодитоор болон дүйцүүлэх байдлаар бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд говийн бүсэд цөлжилттэй тэмцэх, эко системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 5000 га хүртэл талбайг хамарсан загийн ойжуулалт хийх, Монгол Улсын хойд болон төвийн бүсэд тус бүр ойролцоогоор 10,000 га талбай хамарсан ойг нөхөн сэргээх гурван төсөл хэрэгжүүлэх боломж судалж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжигдэхүйц үр дүнд хүрэх боломжтой байдлаар хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа тодотгов.
Мөн орон нутгийн иргэдийн тарьж ургуулсан мод, ойг урт хугацаанд хамгаалж, арчлан ургуулахад чиглэсэн, санхүүгийн урамшууллын тогтолцоог бий болгож, иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой ойжуулалтын загварыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Монголдоо анхны гэж хэлж болох хурын усыг хуримтлуулах “элсэн далан”-гийн туршилтын төслийг хэрэгжүүлж байгаагаа онцолж байна.