
Зургийг: COP17 Mongolia
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улс Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Дэлхийн Банк Групптэй байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, тогтвортой эдийн засгийг дэмжих хоёр чухал түншлэлийг эхлүүллээ. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол орны тогтвортой ойн аж ахуйг дэмжих чиглэлээр 100 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломжийг судлах "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурав. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын ойн салбарын тогтвортой хөгжил, ой хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих, салбарын хөгжлийн урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.
Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран ой, доройтсон газрын нөхөн сэргээлт, био эдийн засаг, орон нутгийн ажлын байрыг дэмжих 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхийг зорьж буй. Европын Хөрөнгө Оруулалтын Банкнаас 100 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос техник мэргэжлийн дэмжлэгт 20 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж, үлдсэн санхүүжилтийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо. Энэхүү санхүүжилтийг ой хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, орон нутагт ажлын байр бий болгох чиглэлд зарцуулна.
Мөн "Тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент" (SMILE) хөтөлбөрийн хамтарсан мэдэгдэлд Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэлхийн Банк Группийн Дэд Ерөнхийлөгч Гуанже Чен нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах, байгалиа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх, орон нутгийн эдийн засгийг дэмжих ажлыг хамтад нь хэрэгжүүлэхийг зорьж байна.
SMILE хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Энэ нь талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжил, газрын доройтолтой тэмцэх болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээрх хамтын зорилтыг урагшлуулах чухал нөлөөтэй юм.