
Зургийг: Vyacheslav Prokofyev/Bloomberg
(Bloomberg) -- Казахстан улс бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа шинэчилж, нэг танхимт Парламентын тогтолцоо руу шилжсэний дараах анхны сонгуулиа зохион байгууллаа.
Ням гарагт явагдсан сонгуулийн санал хураалтын үр дүн танилцуулагдаж, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын холбоотнуудын тэргүүлсэн "Адилет" нам нийт саналын 71.8 хувийг авч, ялалт байгуулсан бол хөдөө аж ахуй эрхлэгчдийг төлөөлдөг "Ауыл" нам 6.4 хувийн саналаар хоёрдугаарт орсон байна. Сонгуулийн ирц 74.19 хувьтай байсныг Казахстаны Сонгуулийн төв хорооноос мөн мэдээлжээ.
Энэ оны тавдугаар сард байгуулагдсан "Адилет" намыг Касым-Жомарт Токаевын Тамгын газрын дарга асан Айбек Дадебай удирддаг бөгөөд 2023 оны Парламентын сонгуульд ялалт байгуулсан эрх баригч "Аманат" намтай өнгөрсөн зургаадугаар сард нэгдсэн юм. 100 хувь пропорциональ системээр явагдсан сонгуульд Курултай танхимын 145 суудлын төлөө долоон нам өрсөлдсөнөөс тав нь Парламентад суудалтай болох таван хувийн саналын босгыг давсан байна.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжтойгоо сонгуулийн үеэр илэрхийлжээ. "Хуулийн дагуу дахин сонгогдох эрх надад бий. Магадгүй ирэх жил энэ талаар илүү тодорхой хариулт өгөх боломжтой болох байх" хэмээн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших бодолтой эсэхийг нь асуусан сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Касым-Жомарт Токаев 2022 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг долоон жилийн хугацаатай нэг удаа хэрэгжүүлэхээр хязгаарлаж байв. Түүний одоогийн бүрэн эрх 2029 онд дуусахаар байгаа ч Казахстаны Үндсэн хуулийн цэц шинэчлэлийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийг “анхны сонгууль буюу томилгоо” гэж тооцох үндэслэлтэй тул Касым-Жомарт Токаев дахин нэр дэвших эрхтэй гэж өнгөрсөн сард шийдвэрлэжээ.