logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Mongolian Mining Corporation” оны эхний хагаст орлого нь 69 хувиар өсөж, цэвэр ашиг нь $106 сая хүрснийг тайлагнав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 21 15:40
    296

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2026 оны эхний хагас жилд 105.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеийн 20 сая ам.долларын алдагдлаас хурдацтай сэргэсэн байна.

    Нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ өссөнөөс гадна үнэт металлын олборлолт компанийн орлогын шинэ тулгуур болж эхэлснийг хагас жилийн тайлангийн  үзүүлэлтүүд харуулж байна.

    “Mongolian Mining Corporation”-ийн эхний хагас жилийн орлого нь өмнөх оны мөн үеэс 69 хувиар өсөж, 586.2 сая ам.долларт хүрснээс 491.5 сая ам.долларыг коксжих нүүрсний бизнес нь бүрдүүлжээ. Мөн арилжааны үйлдвэрлэлд шилжээд жил орчим болж байгаа Баянхөндий алтны уурхай 94.7 сая ам.доллар буюу нийт орлогын 16 хувийг бүрдүүлсэн байна.

    unnamed (2).jpg

    Нүүрсний борлуулалт нь 4.2 сая тонноос 5.7 сая тонн болж өссөн бөгөөд угаасан нүүрсний дундаж борлуулах үнэ тонн тутамд 82.2 ам.доллароос 90.9 ам.доллар болж нэмэгдсэн нь орлогын өсөлтийг дэмжсэн аж. Харин Баянхөндий уурхайгаас  унц тутамд 4654 ам.долларын дундаж үнээр 20.2 мянган унц алт борлуулжээ.

    Эрсдэл талдаа харвал тус компанийн зардлын ачаалал нэмэгдэж, тайлант хугацаанд нийт борлуулалтын өртөг 59 хувиар өсөж 451.3 сая ам.доллар хүрсэн байна. Ялангуяа түлшний үнэ нэмэгдсэнээр олборлолт, тээврийн нэгж зардал өсөхөд нөлөөлжээ.

    Мөн БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл эхний хагас жилд гурван хувиар буурсан нь эрэлт талын эрсдэл хэвээр байгааг харууллаа. Хэдий тийм боловч тус улсын Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ оны эхний хагаст 63.7 хувиар өсөж, 40.6 сая тонн буюу түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

    Cэтгэгдэл бичих