
Зургийг: COP17 Mongolia
2017 оноос хэрэгжиж эхэлсэн Тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлэх төслийн үр дүнд Монголын ногоон санхүүгийн корпорац албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү механизмын хүрээнд урт хугацааны, хөнгөлөлттэй ногоон эх үүсвэрийг дотоодын санхүүгийн зах зээлд нийлүүлэх юм байна.
НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан 27 сая ам.доллар, мөн 18 сая ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн банк, таван сая ам.долларыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хамтран гаргаж, нийлбэр дүнгээр 50 сая ам.долларын зээл болон хөрөнгө оруулалт хийхээр баталгаажсан байна.
Мөн Хөгжлийн банк 13 сая ам.долларын зээл олгоно. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтуудын хүрээнд эрчим хүчийг 20-иос дээш хувиар хэмнэх шаардлага хангасан төслүүдэд санхүүжилт олгох юм байна.
Түүнчлэн энэ үеэр Тогтвортой хөгжлийн зорилгын Ногоон Таксономи 2.0-ийг танилцууллаа. Энэ нь өмнөх хувилбараасаа Цэнхэр санхүүжилтийн талаар илүү тодорхой тусгаснаараа онцлог гэж Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо мэдээллээ. Мөн илүү олон байгууллага хамрагдах боломж бүрдүүлж өгснийг дурдсан юм.
Ногоон Таксономи 2.0 нь үндсэн 12 ангиллыг хамарч байгаа аж. Дараагийн шатанд Таксономийн шалгуурыг банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо тогтвортой бонд болон төсвийн хөрөнгө оруулалтын тайлагналд үе шаттай нэвтрүүлэхээр зорьж буйг тодотголоо.