
Зургийг: Paul Yeung/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын шүүхээс “China Evergrande Group”-ийн үүсгэн байгуулагч Хуи Ка Яньд бүх насаар нь хорих ял оноож, түүний удирдаж байсан компаниудыг нийт 15.82 тэрбум юань буюу 2.4 тэрбум ам.доллароор торгох шийдвэр гаргажээ. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын мандалт, уналтын амьд жишээ болсон тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хөрөнгө татан төвлөрүүлэхтэй холбоотой залилан, авлига зэрэг хэрэгт гэм буруутайгаа хүлээгээд байсан юм.
Пүрэв гарагт БНХАУ-ын Төрийн өмчит “Xinhua” агентлагийн мэдээлснээр Хуи Ка Янийг бүх насаар нь хорихоос гадна бүх хөрөнгийг нь хураахаар шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Хонконгт бүртгэлтэй “China Evergrande Group”-д 8.82 тэрбум юань, Эх газрын Хятадад бүртгэлтэй охин компани “Hengda Real Estate”-д долоон тэрбум юанийн торгууль тус тус ногдуулжээ. Тус хоёр компанийг хөрөнгийн хэмжээгээ удаан хугацаанд, их хэмжээгээр хэтрүүлэн тайлагнаж, өр төлбөрөө нуун дарагдуулсан гэж дүгнэжээ.
Шүүхээс “China Evergrande Group”-тай холбогдох хэрэгт Хуи Ка Яниас гадна 56 хүнд хорих ял оноосны дунд түүний хөвгүүд болох Шу Жижянь, Шу Тэнхэ нар багтсан байна. Хэрэгтнүүдэд оноосон ялын хугацаа 22 сараас 18 жилийн хооронд байсан аж.
Нэгэн цагт Азийн хоёр дахь хамгийн чинээлэг хүн байсан Хуй Ка Янь БНХАУ-ын Засгийн газрын хатуу шийтгэлд өртсөн тэрбумтнуудын нэг болж байна. Үл хөдлөх хөрөнгөөс цахилгаан автомашин хүртэл өргөн хүрээг хамарсан түүний бизнесийн эзэнт гүрнийг 2024 онд буюу БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал гүнзгийрч байсан үед татан буулгасан юм.