
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын Засгийн газраас 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгох 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа.
Ерөнхий сайд Н.Учрал "Томилолт сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалаад хэмнэсэн шиг хэмнэж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална" гэж онцлов. Тодруулбал: Төр 1.4 их наяд төгрөгийн хэмнэлтийг урсгал зардал буюу сайд нарын багцаас 433.4 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг хэмнэж, бүрдүүлэхээр болсон байна.
Хэмнэсэн 1.4 их наяд төгрөгөөрөө ирэх 11 дүгээр сараас Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх бөгөөд үүнд 166.3 тэрбум төгрөг зарцуулна. Түүнчлэн 435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхэд 196.3 тэрбум төгрөг зарцуулах аж. Сангийн сайд З.Мэндсайхан "Ахмадуудын амьдрал хүнд байгаа учраас Засгийн газар 2027 оныг хүлээхгүйгээр 11 дүгээр сарын нэгнээс тэтгэврийг нэмэгдүүлнэ" гэж онцоллоо.
Үүнээс гадна улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцөө нэмэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байна.
Мөн эрчим хүчний үнэ нэмэхгүй, үүнд 107.3 тэрбум төгрөг зарцуулна гэж тодотголоо. Тухайлбал: эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Үнийн өсөлт иргэдэд хүндээр тусаж буй энэ цаг үед эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй. Үүний тулд 107.3 тэрбум төгрөгийг татаасаар олгохоор төсвийн тодотголд тусгасан. Нэг уурын зуух дэлбэрч, асуудал үүсэхэд бид тог цахилгаангүй болох эрсдэл бий. Тиймээс Дулааны цахилгаан станцуудад их засвар хийнэ" гэж онцоллоо.
Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулна. 97 мянган багш, ажилтны цалинг бүрэн олгоно. Үүнд 674.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсноо Засгийн газар мэдээллээ.
Харин Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын оруулж ирсэн 1.4 их наяд төгрөгийн тодотгол хангалтгүй гэж үзэж, алдагдлыг бүрэн арилгах шаардлага тавих асуудлыг ээлжит бус хуралдаанаараа хэлэлцжээ. “Эрх баригчид гадаад орчны хамгийн таатай нөхцөлд эдийн засгийн буруу бодлого баримталснаас болж эдийн засгийг доройтуулсан он жилүүд, сарууд үргэлжилж байна” хэмээн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэлж байв.