logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Fitch Ratings” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, эдийн засгийн өсөлт энэ онд 5.6 хувь байх төсөөлөл танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 20 08:30
    322

    Зургийг: С.Батсайхан

    “Тогтвортой” төлөв нь эрсдэл арилсан гэсэн үг биш, харин одоогийн давуу болон сул талууд тэнцсэнийг илэрхийлэх юм

    “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээлээ. Уул уурхайд түшиглэсэн өсөлт, Засгийн газрын өрийн харьцангуй бага түвшин “B+” үнэлгээг хадгалахад нөлөөлсөн ч гадаад санхүүжилт болон түүхий эдийн экспортын хэт хамааралтай байдал гол эрсдэл хэвээр байна.

    Тус агентлаг мөн Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 5.6 хувьд, дунд хугацааны өсөлтийг 5.5 хувь орчимд байхаар тогтоожээ. Оюутолгойн гүний уурхайн олборлолт, зэс, алтны экспорт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна. Харин 2026 оны дундаж инфляц 10 хувь буюу Монголбанкны зорилтот түвшнээс өндөр байна гэж таамагласан бөгөөд хүнс, эрчим хүчний үнэ өрхийн худалдан авах чадварт дарамт учруулсаар байгааг онцолжээ.

    unnamed.jpg

    Гадаад секторын эмзэг байдал үнэлгээг ахиулахад гол саад болжээ. Монгол Улсын цэвэр гадаад өр 2025 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 112 хувьтай тэнцсэн нь “B” ангиллын орнуудын голч дүнгээс зургаа дахин өндөр байна. Ашигт малтмалын экспорт нийт гадаад орлогын 90 хувийг бүрдүүлж, бараг бүхэлдээ БНХАУ руу экспортлогдож байна. Мөн гадаад валютын улсын нөөц анх удаа найман тэрбум ам.доллар давсан ч импортын дөрвөн сарын төлбөрийг бүрэн хангаж чадахгүй гэж үзжээ.

    Төсвийн орон зай мөн хумигдах төлөвтэй. Төсвийн тэнцэл 2025 оны 1.5 хувийн ашгаас 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувьтай тэнцэх алдагдал руу шилжиж, сонгуулийн өмнөх зарлага болон тэтгэврийн шинэчлэлийн нөлөөгөөр 2027 онд алдагдал 3.3 хувь болж тэлнэ гэж “Fitch Ratings” тооцоолжээ.

    “Тогтвортой” төлөв нь эрсдэл арилсан гэсэн үг биш, харин одоогийн давуу болон сул талууд тэнцсэнийг илэрхийлэх юм. Түүхий эдийн үнийн огцом уналт, валютын нөөц багасах, төсвийн алдагдал удаан үргэлжлэх, улс төрийн тогтворгүй байдал уул уурхайн төсөл, гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлбөл үнэлгээ буурах эрсдэлтэйг “Fitch Ratings” анхааруулжээ.

    Монгол Улс олон жилийн зогсонги байдлын эцэст 2024 оноос эхлэн үнэлгээний топ гурван агентлагт зээлжих зэрэглэлээ шат дараалан ахиулаад буй. Сүүлд 2025 оны аравдугаар сард “Moody’s” агентлаг “B2”-оос “B1” рүү, S&P Global “B+”-ээс “BB-” болгож тус тус дээшлүүлсэн юм.

    Cэтгэгдэл бичих