
Зургийг: Монгол Улсын Засгийн газар
Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар Засгийн газраас шийдвэрлэлээ.
Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалахаар болж байна.
Үүнээс гадна Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Ингэснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний таван жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдэх юм. Мөн дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрөв хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэхийг Засгийн газар мэдээллээ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.